Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Эрдэнэбат: Сөрөг хүчингүй парламент Үндсэн хуулийг өөрчлөх чадамжгүй болсон

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөл өнөөдөр хуралдаж хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “АН-ын зөвлөлийн хурлаас энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх 2018 онд нийгэм эдийн засгийн хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд гол анхаарлаа хандуулсан гэж хэлж болно. 

Хоёрдугаарт, С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан УИХ-аас Түр хороо байгуулах гэж байгаа. Энэ Түр хороонд санал дүгнэлт гаргаж хүргүүлэх нь зүйтэй гэж үзээд байна. Гуравдугаарт, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудалд ямар байр суурь баримтлах нь зүйтэй вэ гэдэг дээр ярилцлаа. 

Эхний асуудалд АН-ын зөвлөл ерөнхий дүгнэлтээ гаргасан. 2018 онд нийгэм, эдийн засгийн хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан нийт 136 арга хэмжээний биелэлт 32.3 хувьтай байна. Гэтэл энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад хэдхэн сар дутуу байгаа. 

Өнгөрсөн хугацаанд эрх баригчдын хийсэн гол ажил нь сандал суудлын маргаан байсан. Цаана нь иргэдийн амьдрал, эдийн засгийн чухал асуудлууд зогсонги байдалд орсон. 

Эрх баригчид инфляцын түвшинг найман хувиар илүү гаргахгүй гэж байсан бол өнөөдөр инфляцын түвшин 9.8 хувьтай болчихоод байна. 

Ер нь бид  хаврын чуулганаар эдийн засгийн асуудлыг голчлон ярина. Банк дампууруулдаг, төсвийн мөнгийг гувчуулдаг, улсын үйлдвэрийн газруудыг завшдаг явдлаа зогсоо гэж шаардаж байна. 

Өнгөрсөн онд УИХ-ын 73 дугаар тогтоол гэж гарсан. Энэ тогтоолоор Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх зарим арга хэмжээг баталсан. Хэрэгжилтийг нь 2018 онд багтаан УИХ-д танилцуулна гэж байсан ч өнөөдрийг хүртэл энэ ажил явсангүй. IPO босгоно гэж мэдээлж байсан. Харамсалтай нь энэ ажил нэг ч алхам урагшилсангүй. Дээр нь төмөр замын бодлого нь өөрөө маргаантай асуудал болж хувирсан. Үүнд эрх баригчид хариулт өгөх хэрэгтэй. 

Дараагийн асуудал нь С.Зориг агсны хэрэг дээр УИХ-аас Түр хороо байгуулахыг АН-ын зөвлөл зарчмын хувьд дэмжиж байгаа. Эрүүдэн шүүсэн нь хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудал мөн. Гэхдээ эрүүдэн шүүсэн гэх дуулианы ард С.Зориг агсны хэргийг будилуулах асуудал бий болчих вий гэсэн болгоомжлол бидэнд байна. Энэ түр хороо хэргийг бүхэлд нь авч үзэх хэрэгтэй. Захиалагчийг нь олж авах хэрэгтэй. 

МАН-ын тактик бол Эрдэнэт үйлдвэр, С.Зориг агсны хэргүүд дээр дуулин үүсгэчихээд, ардуур нь хулгайлдаг, завшдаг үйлдлээ дарж өнгөрөөдөг. Тиймээс ч бид С.Зориг агсны хэргийн захиалагчийг мэдэж байгаа бол зарла гэж Ц.Нямдорж сайдаас шаардаж байгаа. Харин эрүү шүүлт гэдгээр дадимдуулан захиалагчийг нь замхруулахыг хүлээн зөвшөөрөхгүй

Түүнчлэн Үндсэн хууль тойрсон асуудал хүчтэй яригдаж байна. Өнөөдөр Их хурал ганцхан бүлэгтэй. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчингүй болсон эрх баригчид Үндсэн хуулийг өөрчлөх чадамжаа алдсан.  

Их хуралд суудалтай болон суудалгүй намуудын нэгдмэл санал болон Ерөнхийлөгчийн нэгдмэл санал дээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой” гэлээ.