Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хар тамхи, шонхрын наймаа, биеэ үнэлэлт нь нэг сүлжээ гэдгийг иргэний нийгмийн зарим байгууллагынхан хэллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2019 оны дөрөвдүгээр сарын 14-ний Ням гарагт хар тамхины улмаас хохирсон гэр бүлүүд, иргэдийн төлөөлөл, хар тамхины эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагынхантай уулзлаа.

Тэрбээр иргэдийн төлөөлөл, шаардлагатай төслүүдтэй долоо хоногийн амралтын өдрүүдээр танилцаж ажиллана гэснийхээ дагуу энэ уулзалтад оролцсон байна.

Уулзалтад оролцогсод хар тамхи, биеэ үнэлэлтийн нууц сүлжээг илрүүлэхийг хүсч, энэ далд ажиллагаанд хууль хяналтын байгууллагынхан оролцдог талаар мэдээлэв.

Мөн хар тамхи буюу цагаан тахал дунд сургуулийн сурагчдын дунд тархаж байгаа нь туйлын ноцтой гэдгийг онцлоод ийм нууц сүлжээг илрүүлэхэд иргэд, төрийн бус байгууллагууд, Монгол Улсын төр хамтран ажиллах шаардлагатай байгааг хэлж байлаа.

Түүнчлэн энэ үеэр шонхрын наймааны сүлжээнийхэн хар тамхи зардаг гэсэн бас нэг ноцтой мэдээлэл яригдлаа.

Өөрөөр хэлбэл, хар тамхи, шонхрын наймаа, биеэ үнэлэлт нь нэг сүлжээ гэдгийг иргэний нийгмийн зарим байгууллагынхан хэлсэн юм.

Тиймээс удахгүй Засгийн газрын зүгээс шонхрын наймаа, хар тамхины сүлжээний талаар тодорхой арга хэмжээ авч эхлэх бололтой.