Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад инженерүүдийг “996” цагаар ажиллуулдаг явдлыг Жэк Ма дэмжжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн сараас эхлэн Хятадын программ хөгжүүлэгч инженерүүд Github сайт дээр эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, “996” цагийн хуваариар ажиллуулдаг бизнесийн практикийг шүүмжлэх болсон нь дэлхийн технологийн салбарынхны анхаарлыг татах болсон юм.

“996” цагийн хуваарь гэдэг нь өглөөний 9 цагаас оройн 9 цаг хүртэл долоо хоногийн 6 өдөр ажиллахыг хэлдэг.

Хятадын технологийн, интернэтийн компаниудад ийм уртасгасан цагаар ажиллуулах явдал хэвийн үзэгдэл юм. Харин сүүлийм үеийн залуус ийм хуваариар ажиллахыг эсэргүүцэж, эрүүл мэндээ бодох, ажил, амьдралын тэнцвэрийг хангахыг илүүд үздэг болоод байгаа.

Программын эх код нийтэлдэг Github сайт дээр тэд эсэргүүцлээ илэрхийлж, Хятадын хөдөлмөрийн хуулийн хуулбарыг хүртэл оруулсан байна. Энэ хуулийн дагуу уг нь сарын илүү цагийн хэмжээг 36 цагаас хэтрүүлэхийг хориглодог юм.

Github-ийн тэмцэл олон мянган мэргэжилтний дэмжлэгийг авч, Хятадын зарим вэб броузер энэ мэдээллийг блоклох болсон байна.

Алибабагийн ерөнхийлөгч Жэк Ма саяхан энэ маргаанд оролцож, өөрийн үзэл бодлыг илэрхийлжээ. Түүний Пүрэв гарагт компанийнхаа дотоод хурал дээр хэлсэн үг Алибабагийн WeChat хуудсанд нийтлэгдсэн байна.

 “Та нар залуу байхдаа 996 цагаар ажиллахгүй бол өөр хэзээ ингэж ажиллах юм бэ? Амьдралдаа ганц ч удаа 996 цагаар ажиллаагүй өнгөрөөснөө гайхуулж, бахархах зүйл болно гэж бодож байна уу?” гэж тэр ярьжээ.

Жэк Ма ийм уртасгасан цагаар ажилласны хүчинд өнөөдрийн Алибаба, Тэнсэнт зэрэг том компаниуд бий болсныг тайлбарлан ярьсан байна.

“Хэрвээ өдрийн 12 цаг ажиллах хүсэлгүй бол та нар яах гэж Алибабад орсон юм бэ? Алибабад өдрийн 8 цагаар биед амар ажиллах хүсэлтэй хүн хэрэггүй” гэж тэр ажилтнууддаа хандаж хэлжээ.

Жэк Ма энэ үеэр өөрийн урт цагаар ажилладаг байсан түүхээс хуваалцаж, ажилтнуудаа залуу байгаа дээрээ хөгжиж дэвшихийн тулд цаг наргүй ажиллахыг уриалсан байна.

 

Эх сурвалж: South China Morning Post