Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп охиноо Дэлхийн Банкны ерөнхийлөгч болгох санаатай байснаа ярьжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

“The Atlantic” сэтгүүлд өчигдөр буюу Баасан гарагт нийтлэгдсэн ярилцлагадаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп охин Иванкагаа өндөр албан тушаалд тохирох мэдлэг чадвартай хүн болохыг магтан ярьжээ.

Тэрээр “Би бүр Иванкаг Дэлхийн Банкны ерөнхийлөгчөөр томилох тухай бодож байлаа. Учир нь тэр тоондоо маш сайн хүн тул энэ албан тушаалд яг тохирно” гэж ярьсан байна.

Трамп цааш нь ярихдаа “Тэр бол төрөлхийн дипломатч. Жишээ нь Иванка НҮБ-д суухад тун тохиромжтой хүн” гэжээ.

Яагаад охиноо эдгээр албан тушаалуудад томилоогүйг нь асуухад Трамп “Хэрвээ ингэсэн бол хүмүүс намайг төрөл садныхаа хүнийг томиллоо гэж шүүмжлэх байсан. Уг нь ингэх хэрэггүй, тэр үнэхээр чадвартай хүн байгаа юм” гэж хариулсан байна.

“Иванка ерөнхийлөгчийн сонгуульд ч өрсөлдөх чадвартай хүн. Түүнийг маш сайн өрсөлдөгч байж чадна гэж би бодож байна” гэж Дональд Трамп охиноо магтжээ.

Өнгөрсөн оны гуравдугаар сард АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсоныг ажлаас нь чөлөөлсний дараа Иванка Трамп үнэн хэрэгтээ хэсэг хугацаанд Америкийн гадаад бодлогын тэргүүн болоод байв.

2017 оны зун Гамбургт болсон Их 20-ын уулзалтын үеэр нэг хуралд тэр эцгийнхээ суудалд орлон суусан нь ихээхэн маргаан, шүүмж дагуулж байжээ.

Цагаан ордны дотоод амьдралыг дэлгэж, дуулиан тарьсан Майкл Вольфийн “Fire and Fury” номонд Иванка Трампыг АНУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгч болох амбицтай хүн гэж тодорхойлж байсан юм.

Дэлхийн Банкны тэргүүнийг АНУ-ын ерөнхийлөгч дангаараа шийдэж томилдоггүй. Тус банкны удирдах зөвлөл эцсийн шийдвэрийг гаргадаг юм.

Гэхдээ АНУ-ын ерөнхийлөгчийн нэр дэвшүүлсэн хүн дэмжигддэг уламжлалтай ажээ.

Дэлхийн Банкийг тэргүүлэх хүн олон жилийн улс төр, макро эдийн засгийн ажлын туршлагатай хүн байх шалгууртай. Өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн 12 ерөнхийлөгч нь бүгд эрчүүд байжээ.

 

 Эх сурвалж: The Guardian