Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: ҮАБЗ-ийн гишүүдийн үзсэн С.Зоригийн хэрэгтэй холбоотой 70 минутын бичлэгийг гишүүд хаалттай үзмээр байна

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг шалгах УИХ-ын Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуралдааны эхэнд тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Л.Болд, байнгын хорооны санал дүгнэлтийг Х.Нямбаатар нарын гишүүд танилцуулав. 

Ингээд тогтоолын төсөл, байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Эх оронч парламентын гишүүнээ хөнөөчихөөд хээв нэг сууж байдгаа хэзээ болих вэ. Олон улсын парламентын холбооноос та нар О.Дашбалбар, М.Зэнээ, О.Энхсайхан нараа алсан гэдэг.  

Амьд гэрчтэй хэрэг илрэхгүй байна гэж байдаггүй юм. 21 жил нуулаа. 16 настай хүүхэд хоёр настай хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг дагуулж очоод алсан гэдэг жүжгээ хэзээ болих вэ. Г.Эрдэнэбат прокурор хангалттай нотлох баримттай гээд байгаа. Хангалттай нотлох баримттай юм бол яагаад хэргээ хүлээ гээд хорих өрөөнд нь зодоод байдаг юм бэ. 

Одоо Түр хороо байгуулж, асуудлыг шийдэх ёстой. Холбогдох хүмүүст нь хариуцлага тооцох ёстой. 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Түр хороо байгуулна гэдгийг ойлгож байгаа. Буруу шүүсэн, энэ хоёр хүн алаагүй гэдэг маргаан нийгэмд байна. Баахан эр орончдыг алчихдаг мэтээр ярьж байна. Үнэхээр тийм юм болсон юм уу. Бид Монголдоо ингэж ярьж болох юм. Гэхдээ дэлхий ертөнц биднийг сонсож байгаа шүү. 

Эрүүдэн шүүсэн явдалтай хэн ч эвлэрэхгүй. Гэхдээ бид юманд учиртай хандах ёстой. Ам л ангайвал МАНАН мафи хүн алдаг гээд л ярих юм. 

Энэ Түр хороо байгуулагдсанаар яг ямар үр дүн гарах вэ. 

УИХ-ын гишүүн Л.Болд: Түр хороо нь байнгын хороотой адил эрх мэдэлтэй байдаг. Түр хороо юу хийх талаар Ц.Нямдорж сайд мэдээлэл өгөх байх. 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Ямар хуулийн ямар ямар заалт зөрчигдсөнийг ил болгоно. Нэг хэргийн хочр холбогдогчийг хамт хорьж болохгүй. Мөрдөгдөж байгаа хүнийг яллагдагчтай хамт хорьж болохгүй. Эрүүдэн шүүж болохгүй. Энэ болгон зөрчигдсөн. 

Тагнуулын даргын дээр үед өгсөн ярилцлагад энэ ажиллагаанд 200-300 хүн оролцсон гэж байсан. Яагаад тийм олон хүн ажилласан юм.

Дээр нь энэ хэрэгтэй холбоотойгоор дуртай хүнээ тагнаж чагнасан. Үүнийг ил болгоно. Хүний амь хохирсон хэргийг ил хэлэлцэхээр үндэсний аюулгүй байдалд ямар хор хөнөөл учруулах гээд байсан юм. Үүнийг ил болгоно. 

Хэрэгтнийг мөн гэж таньсан нөхөр мөрдөгчтэй нь нэг ангид байсан. 18 жилийн өмнө орцонд зогсож байсан нөхөр нь бас нэг мөрдөгчтэй нь нэг байранд хамт удаан амьдарсан байдаг. Ийм юмнуудыг нотлох баримт гээд байгаа. 

УИХ-ын гишүүн М.Билэгт: Ц.Нямдорж сайдаас асууя. Ж.Батзандан гишүүн С.Зоригоос гадна улстөрчдийг алсан гэж хэллээ. Тэр хүмүүс үнэхээр Ж.Батзандан гишүүний хэлсэн шиг зэрлэгээр алагдсан юм уу

Цэрэгт эрүү шүүлт байна. Сошиалд үхтлээ нүдүүлсэн цэргийн зураг байгаа. Үүнийг яах вэ. 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Паар гэж гэртээ нас барсан залуу байгаа. Гэрч эмэгтэй тэр залууг хот ороод их мөнгөтэй ирсэн хүүхдэдээ мөнгө өгсөн гэж мэдүүлсэн. Гэтэл паар гэх Отгонбаатар нь 1997 онд цэрэгт татагдаад 1998 онд нэг эмэгтэйтэй танилцаад анхны хүүхэд нь 1999 онд төрсөн. Гэтэл гэрч эмэгтэй болсон явдлыг 1998 оны арванхоёрдугаар сард гэж мэдүүлсэн. 

Ж.Батзандан гишүүний хэлсэн О.Дашбалбар, М.Зэнээ О.Энхсайхан нарыг би сайн мэднэ. Тэр гурван хүн гурвуулаа өвчний улмаас нас барсан

ЗТХЯ-нд гарсан хүн амин хэргийн шүүх хурлыг яагаад хойшлуулаад байгааг би ойлгохгүй байна.   
ШШГЕГ-ын харьяа хорих ангиудыг би шинэчилсэн. Тэнд эрүү шүүлт явуулах боломж байхгүй. Тийм учраас Төв аймгийн хориход С.Зоригийн хэрэгт холбогдсон таван хүнийг хорьсон юм билээ. 

Зодож цохьсон асуудал яригддаг. ХЭҮК янз янзын юм яриад байхаар нь илтгэлээ явуул гэсэн. Удахгүй надад илтгэл нь ирнэ. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: С.Зоригийн аравдугаар сарын 2-нд хөнөөсөн. С.Төмөр-Очирын мөн аравдугаар сарын 2-нд хороосон. Цагдаагийн дугаар чинь 102 байх аа. Бүх юм чинь утга учиртай. Монголын ард түмэн зөв билэгтэй, бүхнийг мэддэг юм. 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Тэр аравдугаар сарын 2-нд хоёр том алдаа гарсан. Ц.Элбэгдорж тэргүүтэй 75 хүн хэргийн газарт ороод гарсан. Үүнийг болоод бүх цаашаа замхарсан. Үүнийг шалгадаг газар нь хууль бусаар байгуулагдсан. Энэ хэрэг Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байхад гараад Ерөнхийлөгч байхад нь хуурамчаар илэрсэн.  

Өнгөрсөн долоо хоногт цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн удирдах албан тушаалын нэг нэг хүнийг дуудаж С.Зоригийн хэрэгтэй холбоотой байцаасан. Үүнийг прокурорын шахалтаар хийсэн. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: С.Зоригийн хэргийг цөөхөн хүн мэднэ. Н.Багабанди, Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж, Ерөнхий прокурор асан М.Алтанхуяг, М.Энх-Амгалан прокурор нар л мэднэ. 

Яагаад Засгийн газар дээр ажлын хэсэг байгуулж болохгүй байгаа вэ. Түр хорооны гишүүнд ямар хүмүүс орох вэ. Би Ц.Нямдорж гуайд дургүйдээ хэлж байгаа юм биш. Хууль зүйн сайдын хувиар ашиг сонирхлын зөрчил үүсч магадгүй учир Ц.Нямдорж та ажлын хэсэгт орох зохимжгүй юм биш үү. Таныг таван асуудлаар шалгаж байгаа гэсэн. 

Мөн энэ Түр хороо ямар үр дүнд хүрээд татан буугдах вэ. 

1998 оноос хойш олон ноцтой хэрэг гарсан. Нууц гэдэг шалтгаанаар олон хэргийг хаагаад, заримд нь ял өгсөн. Мэдээлэл нь ил биш. Тийм хэргүүд дээр Түр хороо анхаарч ажиллах уу. 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Би ажлын хэсэгт орно. Их хурлын удирдлага, намын бүлэгтээ санал тавьж байгаа орно. Би 37 оны хэлмэгдүүлэлтийг таслан зогсооно гээд амлачихсан юм. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: ҮАБЗ-ийн гишүүдэд 70 минутын бичлэг үзүүлсэн гэсэн. УИХ-ын гишүүд болон сэтгүүлчдэд 27 минутын бичлэг үзүүлсэн. Үнэхээр тийм бичлэг байгаа бол үзмээр байна. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: О.Баасанхүү гишүүний хэлсэнтэй санал нэг байна. ҮАБЗ-ийн гишүүд С.Зоригийн хэрэгт холбогдсон хүмүүсийг шалгаж байгаа 70 минутын бичлэг үзсэн гэсэн. Тэр бичлэгийг гишүүдэд хаалттай үзүүлмээр байна. 

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа уг тогтоолын төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явууллаа. Гишүүдийн 74 хувь нь дэмжсэнээр С.Зоригийн амь нас хохирсон хэргийг шалгах УИХ-ын Түр хороо байгуулах тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.