Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Армений геноцидыг хүлээн зөвшөөрсөн Франц, Италийг Турк улс зэмлэв

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

20 дугаар зууны эхэн үед Армени үндэстнийг бөөнөөр нь хядсан түүхэн үйл явдлыг хүлээн зөвшөөрсөн Франц, Итали улсуудыг Туркийн засгийн газар зэмлэн буруутгажээ.

Лхагва гарагт Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон жил бүрийн дөрөвдүгээр сарын 24-ний өдрийг уг эмгэнэлт үйл явдлыг дурсан санах өдөр болгох зарлигт гарын үсэг зурсан юм.

Тэрээр 2017 онд ерөнхийлөгчөөр сонгогдох үедээ авсан нэг амлалтаа ийнхүү биелүүлж байна. Өчигдөр Туркийн гадаад хэргийн яам гаргасан мэдэгдэлдээ Макроныг Францад амьдардаг армени иргэдийн саналыг авах зорилгоор ийм шийдвэр гаргалаа хэмээн буруутгажээ. Мөн энэ шийдвэр Турк-Францын харилцаанд муугаар нөлөөлнө гэдгийг анхааруулсан байна.

Франц улсад армени угсааны 500,000 орчим хүн амьдардаг. Тус улс 2001 онд Армений геноцидыг албан ёсоор хүлээн зөвшөөрч байв.

Одоогоор Герман тэргүүтэй өөр 22 улс энэхүү харгислалыг бодитой болж өнгөрсөн үйл явдал гэж албан ёсоор үздэг юм.

Дэлхийн нэгдүгээр дайны үеэр Оттоманы эзэнт гүрэнд амьдарч байсан 1.5 сая армени үндэстнийг системтэйгээр хоморголон устгасан гэдэг. Харин Туркийн засгийн газар энэ нь геноцид байгаагүй, хохирлын хэмжээ их байгаагүй хэмээн маргадаг юм.

Дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Италийн парламентын доод танхим Армений геноцидыг албан ёсоор хүлээн зөвшөөрөх саналыг дэмжсэн байна. Өчигдөр Туркийн гадаад хэргийн яам мөн Итали улсын эрх баригчдын шийдвэрийг зэмлэн буруутгасан мэдэгдэл гаргажээ.

 

Эх сурвалж: AFP