2019/08/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,671.55₮
B30
УЛААНБААТАР
18°
|
12°
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
18:00
S30
19°
19:00
S30
17°
20:00
S29
14°
21:00
S31
11°
22:00
S31
10°
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Эрдэнэт" үйлдвэрийн "Эрсдэлийн сан"-г УЛСЫН САН болгоё

У.Сарангэрэл, Үндэсний шуудан
2019 оны 4 сарын 12
Үндэсний шуудан
Гэрэл зургийг mpa.mn

“Жаст”-ын Ш.Батхүү гэх этгээдийн тарьсан балгаар Монголын “Саалийн үнээ” гэгддэг “Эрдэнэт” үйлдвэр харь орны банкны барьцаанд явах шахав. 

Тэрбээр, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас нийт 160.1 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан байж зээлсэн нь Монгол Улсыг ийн хүнд байдалд оруулсныг та бид өдгөө андахгүй мэдэх болжээ. Улмаар зээлээ хугацаандаа төлөөгүй учир “Стандарт” банк Лондонгийн олон улсын арбитрын шүүхэд хандаж, “Эрдэнэт” үйлдвэрээс нийт 86.95 сая ам.доллар нэхэмжлэх болсон юм.

Харин манай Засгийн газар дундын зуучлагч Америкийн компаниар дамжуулан нэлээд урт хугацаанд яриа хэлэлцээр хийсний эцэст 40 сая ам.доллароор уг зээлийн гэрээг хааж нэн яаралтай хийвэл асуудлыг шийдвэрлэх боломжтой гэсэн тохиролцоонд хүрчээ.

Монголбанкны ханшаар тооцвол 40 сая ам.доллар нь 105 тэрбум, 240 сая төгрөгтэй тэнцэж байна. Уг төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэрийн “Эрсдэлийн сан”-гаас гаргаж шилжүүлсэн гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин энэ сарын 5-нд мэдээлсэн юм. 40 сая ам.долларыг төлснөөр “Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкны хоорондох маргаан дууслаа. Энэ талаар “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн захирал Х.Бадамсүрэн “Манай “Эрсдэлийн сан”-гаас гаргасан хөрөнгө үйлдвэрийн санхүүгийн байдалд ямар нэг сөрөг асуудал үүсэхгүй. “Эрдэнэт” үйлдвэр шиг өргөн цар хүрээтэй ажилладаг байгууллагад “Эрсдэлийн сан” байх ёстой учраас бид ном журмынх нь дагуу байгуулсан. Бизнесийн НУУЦ УЧИР “Эрсдэлийн сан”-гийн хөрөнгийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. “Эрдэнэт” үйлдвэр болон Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн асуудлыг шийдвэрлэхэд энэ сан тус боллоо” хэмээсэн юм.

“Эрдэнэт” үйлдвэрийн зүгээс Хаалтын менежментийн дагуу “Эрсдэлийн сан”-г 2015 онд үйлдвэрийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнгийн санаачилгаар байгуулсан гэдэг мэдээлэл бий. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн Д.Дэмбэрэл “Бид 2016 оны цэвэр ашгаасаа энэ эрсдэлийг тооцож, “Эрсдэлийн сан” байгуулан, мөнгө хадгалсан” гэж хэвлэлд ярьсан байх юм. Ямартай ч “Эрдэнэт” үйлдвэрийн “Эрдэнэсийн сан”-гийн талаар саяхныг хүртэл олон нийт мэдээгүй байв. Хамгийн гол нь тус үйлдвэр хүнд үе ирэхэд даваад туулчих тэнхээтэй, хадгалсан хөрөнгөтэй байсан нь сайн хэрэг.

Гэтэл Монгол Улсын санд хурааж хуримтлуулсан хөрөнгө гээд байх зүйл одоо хэр нь алга. Дөнгөж эдийн засгийн хямралын дөнгөнөөс салах гэж мацах хооронд хэн нэг нь үндэсний томоохон үйлдвэрээ барьцаанд тавьж, нөгөө талд нь банк дампуурч, иргэдийнхээ халааснаас хулгайлаад сууж байна.Энэ мэтчилэн эрсдэлүүдийг тооцож Монгол Улс нэн даруй “Эрдэнэт” үйлдвэр шиг “Эрсдэлийн сан”-тай болох хэрэгтэй болов уу. Аль эсвэл “Эрдэнэт” үйлдвэрийн “Эрсдэлийн сан”-г Улсын сан болгоход буруу нь юу байх вэ.

Хэдэн сарын өмнө Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Норвегийн Тэтгэврийн сантай адилхан сан байгуулж, ирээдүйдээ зориулж хуримтлал үүсгэнэ” гэж мэдэгдсэн. “Баялгийн сан” байгуулах асуудлыг Монгол Улс 2008 оны эдийн засгийн хямралын дараагаас эхлэн ярьж, хэсэг УИХ-ын гишүүд энэ чиглэлээр амжилтад хүрсэн улс орнуудаас туршлага судлахаар мордож байсан түүхтэй. Ийнхүү “Тогтворжуулалтын сан” болон “Ирээдүйн өв сан”-г байгуулж байлаа. Тодруулбал, ОУВС-гийн шахалтын үр дүнд манай эрх баригчид 2010 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж, “Тогтворжуулалтын сан” байгуулсан. Гэвч энэ нь төсвийн “үрэлгэн” байдлыг бүрэн хязгаарлаж, хангалттай хэмжээний хуримтлал бий болгож чадаагүй юм. Учир нь бодлого боловсруулагчид яаж ийгээд л орлогоосоо давсан зарлага гаргасаар байв.

Харин нөгөөх нь “Ирээдүйн өв сан”. Ирээдүйн өв сангийн тухай хуулийг 2011 оноос эхлэн боловсруулж, 2016 онд УИХ-аар баталсан юм. Тус санд энэ онд 500 тэрбум төгрөгийн орлого төвлөрөх бөгөөд ирэх онд 1.5 их наяд төгрөг цуглах учиртай. 2075 онд 231 их наяд төгрөгийн хуримтлал үүснэ гэж хууль санаачлагчид тооцжээ. Гэтэл нөгөө талдаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэс Монгол” компанийг түшиглэж, Баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгииг яаралтай байгуулах хугацаатай үүргийг өгөөд буй.

Уул уурхайгаас бүрэн хамааралтай Монгол Улсын хувьд өнгөрсөн хоёр жил ашиг орлогын хувьд таатай байв. Өнгөрсөн онд гэхэд л уул уурхайн салбараас улсын төсөвт 1.94 их наяд төгрөг төвлөрчээ. Энэ нь өмнөх оныхоос 37 хувиар өссөн үзүүлэлт байлаа. Олон хүний овоо хараанд байдаг “Эрдэнэс Тавантолгой” компани 800 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэдгээ зарлаад байгаа. Ийм үед “Баялгийн сан” байгуулах асуудлыг ярьж байгаа нь цагаа олж байна. Гэхдээ бэлээхэн “Ирээдүйн өв” сангийн тухай хууль хэрэгжээд үйл ажиллагаа нь жигдрээд ирсэн энэ үед дахин Норвегийн Тэтгэврийн сантай адилхан сан байгуулж, хууль боловсруулах нь нэгдүгээрт, цаг алдана, хоёрдугаарт Монголын хөрсөнд буухгүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Харин зарим нэг нь “төсвийн алдагдалтай, гадаад өр ихтэй байхад сан байгуулах нь буруу. Өрөө дарж, төсвөө алдагдалгүй болгох хэрэгтэй” гэдэг байр суурийг илэрхийлж байгаа. УИХ-ын гишүүн асан, эдийн засагч С.Дэмбэрэл “Баялгийн санг байгуулахад маш олон нөхцөл шаардагддаг. Манай улс уул уурхайн засаглалаа сайжруулж, уул уурхайн гэрээнүүдийн ил тод байдлыг хангахгүйгээр ийм байдлаар хэзээ ч “Баялгийн сан” байгуулах боломжгүй. Энэ нь эргээд л үр ашиггүй болон хувирч мөнгө хувааж идэх ЖДҮ-ийн сан шиг болгох вий гэсэн болгоомжлол байна” хэмээжээ. “Баялгийн сан”-г байгуулах нь зөв үү, буруу юу гэдэг асуулт эндээс урган гарч ирнэ.

Дэлхийн хамгийн жижиг арал дээр оршин тогтнодог, 9,378 хүн амтай Науру Улс 50 жилийн өмнө маш чинээлэг байв. Газар тариалангийн хамгийн сайн бордоо болдог фосфатын нөөцөө 1960-1970-аад онд экспортлон асар их валютын орлого олж, нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийг тэргүүлж байжээ. 1981 онд улсын орлого нь 123 сая ам.долларт хүрч, нэг хүнд 91,400 ам.доллар ногдож байсан юм. Нийт ажилчдын 95 хувь нь төрд ажилладаг. Боловсрол, эрүүл мэнд нь үнэ төлбөргүй. Дотооддоо эмчилгээ авах боломжгүй бол Австрали руу үнэгүй нисч эмчүүлдэг. Бүх төрлийн татвар авдаггүй. Бүх хар ажлыгхөрш зэргэлдээ орнуудын иргэд хийж, науручууд амарч, далайн эрэгт нарлан суудаг байжээ. Иргэд нь тусгай онгоц хөлсөлж, Гуам, Хавай, Сингапур руу нисч дэлгүүр хэсдэг байв. Тэд 50 доллар хүртэлх худалдан авалтаас хариулт авдаггүй байжээ. Харамсалтай нь тэд фосфатаа борлуулж олсон мөнгөө ухаантай хэрэглэж чадаагүй, өндөр орлоготой үедээ үндсэн бизнес нь байсан загасны аж ахуйгаа ч зогсоож, сургуульд хүүхдүүдээ сургах, ялангуяа дээд боловсрол эзэмшүүлэхээ орхигдуулжээ. Мөн байгалийн баялгаа олборлох явцад газар нутгаа сэргээхгүй, том том нүх үлдээгээд хаясан учир тариалан эрхлэх аргагүйд хүрч, хүн ард нь бөөнөөрөө улс орноосоо дүрвэхээс өөр гарцгүй болсон байна. Энэ бол байгалийн баялгаас олсон орлогоо зөв удирдаж чадаагүй, мулгуу орны жишээ.

Харин одоо хамгийн ухаантай орны жишээг хүргэе. 1970-аад онд Арабын ард түмэн маш ядуу байв. Иргэд нь цалин багатай. Засгийн газар нь өртэй байж. Энэ үед шийдвэр гаргагчид нь “Баялгийн сан” байгуулах шийдвэр гаргажээ. Үүнийг нь ард түмэн нь эсэргүүцэж, тэмцэж байсан ч зорилгодоо хүртлээ ухраагүй юм. Өнөөдрийн үр дүнд 1500 Арабын мэргэжилтнүүдийг жилийн нэг сая ам.долларын цалинтай ажил хүлээж байдаг байна. Арабчууд өнөөдөр дэлхийн чинээлэг хүмүүсийн тоонд зүй ёсоор багтдаг.

Тэгвэл Монгол Улс ямар хэлбэрээр “Баялгийн сан” байгуулах ёстой вэ. Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга асан, Эдийн засагч Л.Дашдорж “Норвегийн баялгийн сангийн загвар Монголын хөрсөнд буухгүй” гэдгийг хэлж байна. Тэрбээр “Намайг Сангийн яаманд байхад манай дарга нар Норвеги Улс руу явж туршлага судалсан. Сангийн менежментийг Төв банк нь удирддаг. Төв банкных нь ерөнхийлөгчийг Сангийн сайд нь томилдог. Хэдийгээр Төв банкны Ерөнхийлөгчийг Сангийн сайд нь томилдог ч гэсэн дүрэм журмынхаа дагуу үйл ажиллагаа нь явдаг. Ямар нэгэн нөлөөнд автдаггүй юм билээ. Үүн дээр ойлголтын маш том зөрүү байгаа. Норвегичууд библидээ үнэнч, этиктэй хүмүүс. Хэзээ ч хуулиас гадуурх зүйл хийхгүй. Энэ талаасаа монголчуудад таарахгүй.Монголын хөрсөнд буухгүй. Хуулийг нь библи зохицуулдаг. Хоорондын харилцаа, этик нь маш өөр. Тиймээс бид өөр зарчмаар сангаа бүрдүүлэх хэрэгтэй” гэсэн юм.

Одоо бэлэн байгаа “Ирээдүйн өв сан”-д энэ жил 500 тэрбум төгрөгийн орлого орно гэж байгаа. Дараа жил 1.5 их наяд төгрөг цуглах учиртай. Энэ сан бие даасан менежментийн зарчмаар явах гэнэ. Нэр дэвшүүлэх хороо байгуулах бөгөөд тус хороонд бүртгэж авах хүмүүсийн шаардлагыг нийтэд зарлах аж. Тэр шаардлагыг хангасан хүмүүс анкет бөглөөд Сангийн яаманд хүргүүлнэ. Шаардлага хангасан хүмүүсийг Нэр дэвшүүлэх хороонд оруулна. Таван хүнийг санамсаргүй байдлаар сугалаагаар сонгож авах юм байна. Энэ таван хүн нь Төлөөлөн удирдах гишүүн сонгох хурлаа ажлын найман цагт багтааж хийгээд шийдвэрээ Сангийн сайдад танилцуулсны дараа Нэр дэвшүүлэх хороо татан буугдах гэнэ. Таван гишүүнийг Сангийн сайд татгалзахгүйгээр батлах үүрэгтэй гэж хуулинд заажээ. Ингэснээр ямар нэгэн бүлэглэлээс ангид эрүүл тогтолцоо бүрдэж байгаа бөгөөд таван хүн нь ТУЗ-ийнхөө даргыг дотроосоо томилж, Сангийн сайд энэ таван хүнтэй таван жилийн хугацаатай гэрээ байгуулна гэж Ирээдүйн өв сангийн тухай хуулинд заасан байх юм. Удирдах зөвлөл нь Ирээдүйн хөгжил сан корпорацийн бүх бодлогыг тодорхойлж, хөрөнгөө гадаадад байршуулах юм байна. Тус хуулиас харахад их олон зүйлийг шинэчлэх хэрэг гарч байгаа юм. Үнэхээр зөв арга замаар хэрэгжээд явбал 2075 онд 231 их наяд төгрөгийн хуримтлал үүсэх учиртай.

Гэхдээ ийн цаг алдаж байхаар бэлээхэн хуримтлал үүсгээд эхэлсэн “Эрдэнэт” үйлдвэрийн “Эрсдэлийн сан”-г Улсын сан болговол яасан юм бэ. Бэлэн менежмент дээр нь тулгуурлаж одооноос улс хуримлалаа үүсгэж эхлэх нь сайхан санаа байж болох юм. Заавал гаднын орнуудын хэзээ ч хэрэгжихгүй сангийн менежментийг дуурайж, хөөрцөглөхийнхөө оронд хөрсөндөө тохирсон, бэлэн байгаа сангаа Улсын сан болгоё. Хуримтлалаа ашиглаж, хүнд нөхцөл байдлаас гарч бодлогыг “Эрдэнэт” үйлдвэрийн “Эрсдэлийн сан” харууллаа.

x