Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Викиликсийн үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг баривчиллаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Викиликс сайтын үүсгэн байгуулагчдын нэг Жулиан Ассанжийг Лондон хот дахь Эквадор улсын элчин сайдын яамны байрнаас өнөөдөр баривчилжээ.

Тэрээр хүчингийн хэрэгт шалгагдаж байхдаа Швед улсад шилжүүлэн өгөхөөс зугтаж, долоон жилийн өмнөөс Эквадорын элчин сайдын яамны байранд улс төрийн шалтгаанаар орогнож эхэлсэн юм.

Сүүлд Ассанжид тулгасан хэргийг хэрэгсэхгүй болгосон ч тэр АНУ-ын засгийн газрын нууц материалуудыг Викиликс сайтад нийтэлж байсныхаа төлөө баривчлагдахаас болгоомжлон элчин сайдын яамны байрнаас яваагүй ажээ.

Гэвч олон улсын хууль дүрмийг удаа дараа зөрчсөн шалтгаанаар Эквадор улсын ерөнхийлөгч Ленин Морено түүнд олгосон улс төрийн орогнолыг өнөөдөр цуцалсан байна.

Харин Ассанж Эквадорын эрх баригчдын тайлбарлаж буй үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа сошиал сүлжээгээр мэдэгдэж байв.

Ингээд өнөөдөр Скотланд Ярдын цагдаа нар Эквадорын элчин сайдын урилгаар яамны байранд очиж, Ассанжийг баривчилжээ.

Одоо Ассанж Лондон хотын төв дэх цагдаагийн байранд хоригдож байгаа бөгөөд удахгүй гэмт хэрэгт шалгагдаж байхдаа батлан даалтын нөхцлийг зөрчсөн хэргээр шүүгдэх гэнэ. Үүний дараа Британий засгийн газар түүнийг АНУ-д шилжүүлэн өгч магадгүй байна.

Эквадорын ерөнхийлөгч мэдэгдэлдээ “элчин сайдын яаманд орогнох хугацаандаа бусад улс орнуудын дотоод хэрэгт хутгалдаж, олон улсын хууль дүрмийг удаа дараа зөрчсөн тул” эрхийг нь цуцалж, баривчлуулахаар шийдсэн гэжээ.

Хамгийн сүүлд 2019 оны нэгдүгээр сард Ассанж Ватиканы засгийн газрын бичиг баримтыг Викиликс сайтдаа нийтэлснийг жишээ болгон дурдсан байна.

Ассанж болон Эквадорын засгийн газрын хооронд элчин сайдын яамны байранд юуг хийж болох, болохгүй талаар маргаан удаан хугацаанд үргэлжилж байсан юм.

Одоо 47 настай, Австралид төрсөн программ зохиогч Жулиан Ассанж нь 2006 онд Викиликс сайтыг үүсгэн байгуулалцаж, эрхлэгчээр нь ажиллаж байхдаа дэлхийн улс орнуудын төрийн нууцад хамаарах материалуудыг ил болгож, алдаршсан байна.

Эх сурвалж: BBC