Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Хоол зүйч байтугай зарим суманд багш ч хангалтгүй байхад энэ хуулийг 2020 оноос хэрэгжүүлж чадах уу"

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 

Өнөөдрийн байдлаар нэг сурагчид ногдох үдийн цайны өртгийг 600 төгрөгөөр тооцож байгаа. Уг хууль батлагдсанаар 600 төгрөгийн үдийн цайг 1,200 төгрөгт багтаан үдийн хоол болгох юм. 

Хуулийн төслийг Б.Ундармаа нарын найман гишүүн өнгөрсөн оны зургаадугаар сарын 26-нд өргөн барьсан билээ. Өргөн баригдсан хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг мөн оныхоо аравдугаар сарын 11-нд хэлэлцэн дэмжсэн боловч эхний хэлэлцүүлгийг хийлгүй хойшлуулсаар өнөөдөр хэлэлцэж буй нь энэ юм. 

Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд ажлын хэсгийнхнээс асуулт асууж, хариулт авав.  

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Үдийн цайг үдийн хоол болгож байгаа нь сайн хэрэг. Сургууль бүр өөрийн гэсэн цайны газар байгаа юу. Хэдэн сургууль дотроо цайны газартай байна вэ. Зөөврийн байдлаар шийдэх үү. Зөөврийн хоол хүнс аюултай. Бүтээгдэхүүний хадгалалт дээр хэрхэн хяналт тавих вэ. Хэрхэн тооцоолсон талаар мэдээлэл өгнө үү. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Сүүлийн 10 жил судалгаа хийж байна. 2018 онд ЕБС-ийн бүх анги танхимд шалгалт хийхэд 50 гаруй хувь нь дотоод хяналтгүй, зориулалтын бус гал тогоогүй байгаа юм. Нэг хүүхдийн 600 төгрөг гэдгийг бүгдийг нь хоолондоо зарцуулж, шаардлагатай хоол хүнс хэрэглэх бололцоо байгаа ч мөнгөний тал нь хоолонд зарцуулагдаж байгаа учраас бид стандартын шаардлага хангасан болгох зорилго тавьж байна. Цаашид хоол хангамжийн систем бий болох анхны алхам бүрдэх боломж байна. Нийслэлийн хэмжээнд 141 сургууль байгаагийн 80 нь зориулалтын гал тогоотой, огт гал тогоогүй долоон сургууль байна. 

УИХ-ын гишүүн Ц.Сарангэрэл: Сүүлийн үед ЕБС-иудад хоолны хордлого их гарч байна. Хамгийн сүүлд "Singapore school of Mongolia" сургуульд нийтийг хамарсан маш том халдвар гарсан. Цусан суулга өвчний нян ажилчид, сурагчдын 80-д нь илэрсэн. Сургуулиудын хоолны газрын хяналтыг МХЕГ, НМХГ хийдэг. Гэтэл энэ олон удаагийн хоолны хордлого гарч байхад мэргэжлийн хяналтынхан ажлаа хийхгүй байна.

Л.Эрдэнэчулуун дарга хааяа гарч ирж сүртэй мэдэгдэл л хийж байна. Энэ олон удаагийн хордлого гарч байхад урьдчилан сэргийлэх, таниулах ажил хангалтгүй байснаас эрүүл мэндийн байгууллагад хүн хүч, хөрөнгө санхүүгийн хүндрэл учруулж байна. Хуулийн төсөл боловсруулж байх үеийн нөхцлөөс өнөөдрийн нөхцөл өөр болсон тул дахин харах хэрэгтэй гэж бодож байна. 

Шадар сайд Ө.Энхтүвшин: Үдийн цайг үдийн хоол болгохыг дэмжиж байна. Гэвч буруу зохион байгуулснаас болоод хэл ам хийж байна. Би анх энэ ажлыг эхлүүлж байсан юм. Тухайн үед улсын төсөвт мөнгө суугаагүйгээс Мобиком корпорациас 300 сая төгрөг авч эхлүүлж байсан юм. Тухайн үеийн парламент ичээд дараа нь төсөвт тодотгол хийж байсан. 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлж чадах уу, улсын төсвийн тодотгол хийхгүй гэж байгаа тэгэхээр амьдрал дээр бэлтгэл хангагдаж чадах уу.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: 600 төгрөгөөр юу авах вэ. Иймэрхүү юмыг БСШУСЯ анхаарч үздэг үү. Хүүхдийн биеийн өсөлтийг судалж үздэг үү. Үдийн хоолоо өгсөн шиг өгөх хэрэгтэй.

Сургууль яагаад туслах аж ахуй эрхэлж болдоггүй юм. Хоёрдугаарт багш нарын асуудал байна. Багш нарын цалин ямар билээ. Гараад хоол аваад идэх боломж бага. Хэдхэн багш нарынх нь хоолны мөнгийг хүүхдүүдийнхтэй цуг тусгаж болохгүй юу. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Бид нэг хүүхдийн хоолны зардал тэд байна гэж тогтоож болохгүй. Харин нийт хүүхдэд ногдох нормативыг инфляцын түвшинтэй уялдуулах ёстой гэж Засгийн газарт чиглэл өгөх ёстой. Мөн багш нарын үдийн хоолыг энд багтаах ёстойг дэмжиж байгаа. Энэ асуудлыг хоёр дахь хэлэлцүүлэгтээ оруулж болно.  

УИХ-ын гишүүн А.Сүхбат: Хүүхдийн хоол хүнсний асуудлыг дэмжих хэцүү дэмжихгүй байх хэцүү байна. Ямар хоол өгөх гэж байна вэ гэдгийг бодохоор дэмжих хэцүү байна. Яг ямар ямар хоол өгөх задаргаа байна уу. 
300 гаруй тэрбум төгрөгийг таван жилийг хугацаанд хүүхдийн үдийн цайнд зарцуулна гэж байна. Үүнийг өөрөөр яаж шийдэх арга байна вэ. Үдийн цайнд уламжлалт хоол хүнсээ оруулж ирэх боломж байна уу гэдгийг тодруулъя. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Хоолны эрүүл ахуй, илчлэг хамгийн чухал. Хуулийн есдүгээр зүйлд Хоол зүйчийн эрх үүрэгт хүүхдийн хоолны цэс боловсруулах тухай заалт оруулсан байгаа. Уламжлалт хоол хүнс оруулах бүрэн боломжтой. Импортоор оруулж ирсэн, янз бүрийн орц найрлагатай бүтээгдэхүүнээр хүүхдээ хооллохгүйн тулд энэ хуульд зааж өгсөн. Яаж хяналт тавихыг нь ч тодорхой заасан. 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Хоол зүйч монголд хэр олон байдаг вэ. Алслагдсан суманд, багт байдаг сургуульд хоол зүйч очиж ажиллах уу. Энэ хуулийг хотод, төвийн дүүрэгт байдаг сургуульд зориулж гаргаад байгаа юм уу. Говийн сумдад очиж ажилладаг багш ч ховор байхад хоол зүйчтэй байж чадах уу. Хоол зүйч байтугай зарим алслагдсан сумдад багш ч хангалтгүй байхад энэ хуулийг 2020 оноос хэрэгжүүлж чадах уу.  Тиймээс хууль хэрэгжих хугацааг анхаарах хэрэгтэй байна.  

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулснаар уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.