Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгт дэлхийн хамгийн том сонгуулийн санал хураалт эхэлж байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Дэлхий дахинд болдог хамгийн том сонгуулийн санал хураалт өнөөдөр Энэтхэгт эхэлж байна. 1.3 тэрбум хүн амтай энэ улсын 900 сая гаруй сонгогчийн саналыг авах үйл ажиллагаа зургаан долоо хоног орчим хугацаанд тусгай хуваарийн дагуу үргэлжлэх юм.

Өнөөдөр эхэлж байгаа эхний үе шатанд Энэтхэгийн 20 мужийн сонгогчид парламентын доод танхимын 91 суудалд хэн суухыг сонгож, саналаа өгнө. Сонгуулийн санал хураалт энэ мэтээр бусад мужуудад дараалан үргэлжилсээр эцсийн дүн тавдугаар сарын 23-нд гарах юм.

2014 онд болсон сүүлийн сонгуулиас хойш Энэтхэгийн сонгогчдын эгнээнд 45 сая залуу шинээр нэмэгджээ.

Сонгогчдын дотор 266 сая бичиг үсэггүй хүн байгаа тул тэдэнд зориулж саналын хуудсан дээр намуудыг ялгах дүрст тэмдэглэгээ хийж өгсөн байна.

 

Мөн сонгогчдыг давхар санал өгөхөөс сэргийлж, хэсэг хугацаанд арилдаггүй бэхээр гар дээр нь тэмдэг тавьдаг.

Энэ удаагийн сонгуулийн гол өрсөлдөгчид нь одоогийн ерөнхий сайд Нарендра Модигийн Бхаратия Жаната нам болон улс төрийн элит гэр бүлийн гишүүн Рахул Гандийн удирддаг Конгресс нам юм.

Ерөнхий сайд Нарендра Моди эдийн засгийн хүндрэлийг үндсэрхэг үзлээр нөхөж илүү санал авахын тулд сүүлийн үед хөрш Пакистантай хийж буй зэвсэгт мөргөлдөөнийг сурталчилгаандаа ашиглахыг оролдож байна.

Харин Конгресс нам Модигийн сул тал болсон эдийн засаг, нийгмийн асуудлууд руу бодлогоо чиглүүлж, ядуурлыг бууруулах амлалт өгч байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian