Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Узбекистан Улс энэ онд визгүй зорчих улсуудын жагсаалтад Монголыг хамруулахаар шийдвэрлэснээ мэдэгдэв

С.Бадрал, iKon.mn
2019 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Узбекистан Улсын Ташкент хотноо Монгол, Узбекистаны ГХЯ хоорондын ээлжит  зөвлөлдөх уулзалт боллоо.

Талууд худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, экспортыг дэмжих чиглэлд явуулж буй тус тусын бодлогыг танилцуулав.

Узбекистан Улс аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч, тодорхой арга хэмжээ авсны дүнд ердөө нэг жилийн дотор гаднаас ирэх жуулчдын тоог нэг дахин өсгөж 5.3 саяд хүргэж чадсан туршлагаасаа танилцууллаа. Хоёр улсын худалдааны эргэлт одоогоор бага хэмжээтэй боловч өсөлттэй байгааг дурдаад мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн импортлох, машин техник, автобус, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, жимс жимсгэнэ зэрэг хүнсний эко бүтээгдэхүүн Монголын зах зээл рүү экспортлох сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Дэд сайд Б.Батцэцэг Төв Азийн улс орнууд руу хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүний дотор мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, энэ чиглэлд хоёр талын мэргэжлийн байгууллагуудын хооронд хэлхээ холбоо тогтоож хамтран ажиллахыг санал болголоо.

Мөн тээврийн коридоруудыг хөгжүүлэх талаар үргэлжлүүлэн ярилцахаар тогтов. Узбекистан Улс энэ онд гадаадын улс орнуудаас иргэд визгүй зорчих улсуудын жагсаалтад Монгол Улсыг хамруулахаар шийдвэрлэснээ мэдэгдэж, Агаарын харилцааны хэлэлцээрийг ойрын үед байгуулах саналаа илэрхийллээ.

 

Монгол Улс гадаад улс орнуудад хадгалагдаж буй Монголын түүх, соёлын өв, дурсгалуудаа бүртгэх, судлах, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэхэд ач холбогдол өгч байгаа бөгөөд энэ хүрээнд Узбекийн музей, архивт хадгалагдаж буй түүх, соёлын өвөөс олон нийтэд танилцуулахад чиглэсэн хамтарсан үзэсгэлэн зохион байгуулахыг Монголын тал санал болгов.

“Дэлхийд тархсан монгол өв” ном нийтлүүлэх төслийг хэрэгжүүлэх хүрээнд Узбекистан Улсын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа Рашид-Ад-Дины “Судрын чуулган” бүтээлийн перс хэл дээрх хамгийн эртний эх хувь зэргийг хувилан авч уг номонд оруулахад дэмжлэг хүсэв. Узбекийн тал эдгээр саналыг нааштай судлан үзэхээр боллоо гэж ГХЯ-наас мэдээллээ.