Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск твиттер сүлжээгээр Амазоны боссыг “доромжлов”

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Тесла, SpaceX компаниудын гүйцэтгэх захирал Илон Маск твиттер сүлжээгээр Амазоны гүйцэтгэх захирал Жэф Безос руу довтолсон байна.

Саяхан тойрог замд 3,236 ширхэг хиймэл дагуул хөөргөж, дэлхийн өнцөг булан бүрт өндөр хурдтай интернэт холболт хүргэх Амазоны төлөвлөгөө ил болсон юм.

Амазон энэ төслөө “Project Kuiper” гэж нэрлэж байгаа.

Тэгвэл Илон Маск энэ төслийн тухай мэдээний холбоосыг Жэф Безос руу илгээхдээ “copycat” буюу “хуулбарлагч” гэсэн үгийг бичжээ.

Тэр “copy” гэж бичээд ард нь муурны эможи илгээсэн нь “copycat” гэх үгийг илэрхийлсэн хэрэг байв.

Илон Маскын SpaceX компани мөн адил хиймэл дагуулаар интернэт түгээх төсөл хэрэгжүүлж байгаа юм. Түүний Starlink багийнхан өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 11,943 ширхэг хиймэл дагуулыг тойрог замд хүргэх зөвшөөрлийг АНУ-ын эрх баригчдаас авсан байна.

Улмаар хоёрдугаар сард тэд эхний хоёр хиймэл дагуулаа туршилтаар хөөргөжээ. Тиймээс Илон Маск өөрийнхтэй нь ижил төсөл эхлүүлсэнд дургүй байгаагаа Безост ийнхүү илэрхийлсэн байна.

Starlink төслийн дэд удирдагчаар ажиллаж байсан Ражив Бадялыг өнгөрсөн зун Илон Маск удаан ажиллаж байгаа шалтгаанаар халсан юм.

Харин Жэф Безос түүнийг өөрийн төслийн удирдагчаар ажиллуулахаар болсон нь бас Маскын санаанд нийцээгүй бололтой.

Маск, Безос хоёр өмнө нь ч твиттер сүлжээгээр “шөргөөцөлдөж” байсан түүхтэй. Тухайлбал 2015 онд Безос өөрийн сансрын аялалын Blue Origin компанийн дахин ашиглагдах пуужинг амжилттай туршсанаа зарлахдаа “маш ховор” алхам гэж бахархалтайгаар нэрлэж байв.

Гэтэл Маск хариуд нь “тийм ч ховор амжилт биш” гэж бичээд өөрийн SpaceX компани нь дахин ашиглагдах пуужинг хэд хэдэн удаа туршаад байгааг мэдэгдэж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider