Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

М.Намсрай: Соёл урлагийнхан хангалттай цалинтай байсан бол би хэзээ ч гадагшаа явахгүй байлаа

Д.Эрдэнэцэцэг, Үндэсний шуудан
2019 оны 4 сарын 11
Үндэсний шуудан
 

Гадны улсад ажиллаж, амьдардаг монгол уран бүтээлчид олон бий. Тэдний нэг төлөөлөл нь БНСУ-ын “Wise ballet” театрын балетчин М.Намсрай юм. Түүнийг эх орондоо цөөн хоног саатаад буцахад нь ярилцсанаа сийрүүлэн хүргэж байна.

-Охидод балетчин болох хүсэл мөрөөдөл төрөхөд гайхах зүйлгүй. Харин хөвгүүдийн хувьд сонин тохиолдлоор энэ мэргэжлийг сонгодог байх гэж бодогддог юм. Таны хувьд ямар үйл явдал тохиож, балетын бүжигчин болсон юм бэ?

-Аав маань бага залуудаа бүжигчин, балетчин болно гэж хүсч, шалгуулсан ч хараа муу гэдэг шалтгаанаар тэнцээгүй юм билээ. Уг нь 2.1 метр өндөр хүн л дээ. Харин ээж маань төгөлдөр хуурын ангид шалгалт өгч тэнцсэн ч 1990 оны ардчиллын хямралаас болоод хүссэн сургуульдаа суралцаж чадаагүй гэдэг. Ингээд л ээж, аав хоёр хүүгээ урлагийн хүн болгоё, тэр дундаа балетчин болговол ямар вэ гэж ярилцаад энэ шийдвэрт хүрсэн юм.

Би ч цэцэрлэгт байх үеэс урлагийн арга хэмжээнд тогтмол оролцдог хүүхэд байв. Ер нь бол бүжиглэх дуртай байсны ачаар аав, ээжийн “Хөгжим бүжигт орох уу” гэсэн асуултад зөвшөөрч, балетчин болсон доо.

-Хөгжим бүжгийн коллеж буюу одоогийн Монгол Улсын консерваторид яг хэдэн онд элсэж байв?

-2002 онд шалгалт өгч тэнцээд 2003 оноос суралцсан. Тухайн үед би дөрөв, тавдугаар анги байсан шиг санагдаж байна.

-Балетын урлагийн анхны A үсгийг заасан багш тань хэн байв?

-н.Дашлхагва багш маань миний өдий зэрэгтэй явах үндэс суурийг тавьсан хүн. Мөн Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин Х.Мөнгөнхөлөг багш байна. Багш нартаа маш их баярлалаа гэж хэлье. Тэдний хүчээр би өдий зэрэгтэй, эх орныхоо нэрийг гадны улсад гаргаж яваа юм шүү.

-2018 оны сүүлээр Консерваторийн балетын ангийн хөвгүүдтэй уулзаж байсан юм. Хүүхдүүд л болсон хойно дийлэнх нь “Шантрах үе бий” гэж хэлж байлаа. Гэсэн ч дээд ангийнхаа үе үеийн төгсөгчдийг буюу гадаадын нэр хүндтэй театруудад ажиллаж байгаа та бүхнийг хараад урам зориг авч илүү их хичээдэг гэж хэлсэн юм. Уулзаад асуусных танд ч бас шантрах тохиолдол байв уу?

-Мэдээж бий. Бага байхад их шантарна. Намайг одоо юунд оруулчихсан юм бэ гээд ээж, аавыгаа буруутгана. Би яг охин шиг болчихлоо, энэ одоо юу өмсүүлээд байгаа юм бэ гээд гомдоллоно. Балетын ангид сурдаг гэхээр эргэн тойрныхон, үеийн найзууд хүртэл “Аа нөгөө гар, гараасаа бариад дин, дин, дин гэдэг (Хунт нуурын хэсгээс) мөн үү” гэж асууж, шоолох жишээтэй. Тухайн үедээ би ч гэсэн урлаг, тэр дундаа сонгодог урлаг ямар байдаг вэ гэдгийг төдийлөн сайн ойлгодоггүй байсан болохоор их л дурамчхан, ууртай, гонсгор байдаг байсан даа. Яваа яваандаа буюу анги дэвших тусам өөрийн сонгосон мэргэжлээ ойлгож, сүүл сүүлдээ бүжиглэх агшин, мөч бүрээсээ сэтгэл ханамж авдаг болсон. Тиймээс шантрах хэрэггүй шүү гэж хэлмээр байна.

-Солонгосын “Wise ballet” театрыг зорихоосоо өмнө та УДБЭТ-т ажиллаж байсан шүү дээ. Чамгүй их туршлага хуримтлуулсан байх. Дотоодын театртаа ажиллаж байсан тэр үеэс эргэн дурсаач?

-Би Консерваторийг 2010 онд төгссөн ч 2006 оноос эхлэн УДБЭТ-т ажилласан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, сурагч байх үеэс тус театрын уран бүтээл болох П.И.Чайковскийн алдарт “Щелкунчик” бүжгэн жүжгийн хүүхдийн хэсэгт тоглодог байсан юм. Ер нь тайзан дээр гарсан анхны гараа маань “Щелкунчик”. Ингээд бодохоор УДБЭТ-т ес орчим жил ажилласан байна.

-Харин одоо бол та “Wise ballet” театрын гоцлол бүжигчин. Энэ театртай хэрхэн холбогдсон бэ?

 

-2015 онд “Wise ballet” театраас ажлын урилга ирсэн. Би ч урилгыг хүлээн авсан.

-“Wise ballet” театрын талаар илүү дэлгэрэнгүй яриач. Хэдэн онд байгуулагдсан, хэчнээн уран бүтээлчтэй театр гээд?

-“Wise ballet” театр нь 2005 оноос үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн. Жилдээ гадаад, дотоодын 80 гаруй тоглолттой байдаг. Театр маань олон төрлийн балет бүжиг, тэдгээрийг багтаасан бүжгийн өв соёлыг классик балеттай бүтээлчээр хослуулж балетын урлагийн гайхамшгийг үзэгчдэд хүргэхийг зорин ажилладаг гэдгээрээ БНСУ-даа нэр хүндтэй. Нөгөө талаас БНСУ-д тухайн театр хэдэд эрэмбэлэгдэх вэ гэдгээс илүүтэй үзэгчдэд бусдаас илүү юу үзүүлэх вэ гэдэг дээр маш их ач холбогдол өгдөг. Хэдийгээр “Wise ballet” театр өөрийн салбартаа тавдугаарт бичигддэг нэр хүндтэй ч үүндээ гол анхаарлаа хандуулаад байдаггүй. Бид үзүүлбэрээ бусдаас хэрхэн өөр байлгах вэ, үзэгчдэд хэрхэн өөр мэдрэмж өгөх вэ гэдэгт голлож анхаардаг.

Би Монголд бүжиглэсэн найм, есөн жилийн хугацаанд багш нараасаа, дээд үеийнхнээсээ маш их зүйл сурсан. Тайзан дээр олон жил гарах тусам хүн өөрийгөө илүү их мэдэрч, танин мэдэж, тайзан дээр сандрах ёсгүй гэдгээ ухаарчихна. Мөн өөрийнхөө хийж сурсан зүйлээ үзэгчдэд харуулж, алмайруулах ёстой юм байна гэдгийг ч мэддэг болно. Харин Солонгост очиход энэ бүхэн огт хамаагүй байсан төдийгүй би бүхнийг доороос эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл, би улсынхаа хамгийн том театрт тоглодог, нэр хүндтэй байлаа гээд энэ нь Солонгост хамаагүй болж орхисон. Яагаад гэвэл усыг нь уусан бол ёсыг нь дагах л учиртай. Ингээд бүхнийг эхнээс нь эхлүүлнэ. Яваа яваандаа өөрийгөө таниулах үед гоцлооч байх уу, массын бүжигчин байх уу гэдгийг маань шийддэг ийм л газар.

-Харин та гоцлооч болжээ. Ингэхэд Монголд, Солонгост ажиллаж, амьдрахад ялгаа их байна уу. Цалин хөлс, байр хангамж гээд дурдаад байвал олон зүйл байна л даа?

-Мэдээж олон ялгаа бий. Тухайлбал, солонгосчуудын нэг давуу зүйл нь маш сайн менежменттэй. Тэд бусадтай үргэлж инээмсэглэж харилцдаг. Энэ нь эргээд маш том зэвсэг, боломж болж үлддэг. Харин монголчууд бид хэтэрхий ууртай, омголон. Энэ зангаасаа болж бидний хөгжил удаашраад байх шиг.

-Монгол балетчдаас гадна өөр орны бүжигчид бий юү?

-Монголоос А.Билгүдэй бид хоёр ажилладаг. Бид тус театрын анхны гадаад балетчид. Жил хагасын өмнөөс узбекистан залуу манай театрт орж ирсэн.

-Монголын эрэгтэй балетчид гадаадад тэр дундаа Азид эрэлт өндөртэй байдаг шүү дээ. Харин эмэгтэй бүжигчдийн хувьд энэ боломж хэр байдаг юм?

-Боломжгүй гэсэн зүйл байхгүй. Гэхдээ балет нь түлхүү эмэгтэй хүний урлаг гэдэг утгаараа дэлхийд өргөн тархсан. Охид, эмэгтэйчүүд ч маш олноороо хичээллэж, суралцдаг. Энэ хэрээр өрсөлдөөн их, шалгуур өндөр. Монгол бүжигчдийн хувьд орос школьтой гэдгээрээ давуу талтай төдийгүй багаасаа энэ урлагт суралцдаг. Мөн дэлхийн бүхий л том театрын тайзнаа тавигддаг бүжгэн жүжгүүдийг Монголын театрт тоглодог нь уран бүтээлчдэд маш том боломжийг олгодог.

-Та “Wise ballet” театртай хэчнээн жилийн гэрээ байгуулсан бэ. Эх орондоо ирнэ гэсэн бодол төрөх юм уу?

-Гэрээг жил, жилээр нь сунгадаг. Шинэчлэх бүрт би театрын захиралтай ярилцаж, тохиролцсоны үндсэн дээр гэрээгээ хийдэг.

Болдог бол эх орондоо л байх дур сонирхолтой. Даанч соёл урлагийн салбарт төрийн зүгээс ямар ч дэмжлэг алга. Манай УДБЭТ-ын бүжигчдийн авч буй цалин дэндүү доогуур. Бүр дэндүү шүү дээ. Сарын 500 гаруй мянган төгрөг. Гоцлол бүжигчин боллоо гэхэд үсрээд 600, 700 мянган төгрөг. Гэтэл бидний өнөөдрийн хэрэглээний зардал хэр хэмжээнд хүрсэн билээ. За тухайн уран бүтээлч ганцаараа амьдардаг бол хамаа алга. Гэтэл гэр бүлтэй хүмүүс нь яаж энэ хэмжээний цалингаар амьдрах вэ. Би театртаа хайртай, дуртай. Гэвч өөрийнхөө амьдралыг бодох ёстой. Уран бүтээлчдэд хангалттай цалин олгож чаддаг байсан бол би хэзээ ч гадагшаа явахгүй байх байсан.

-Ид гялалзаж яваа уран бүтээлчээс асуухад зохимжгүй асуулт байж мэдэх ч асууя.  Та өөрийн карьер, ирээдүйг хэчнээн жил гэж харж байна?

-Балетын урлагийн нас маш богино. Гэтэл бид чинь ажлынхаа төлөө зүтгэж явсаар байтал нэг мэдэхэд хамаг цаг хугацаа өнгөрчихсөн байх юм. “Wise ballet’ театрт ороод нэг мэдсэн дөрөв таван жил өнгөрчихсөн байх жишээтэй.

-Монгол, солонгос балетчдын хамтарсан тоглолт манай улсад боллоо. Энэ арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх үү?

-Юутай ч эхлэлийг нь тавьчихлаа. Цаашид төр засгаас дэмжээд өгвөл сайн л байна. Уг нь манай улс спортын тамирчдаа сайн дэмждэг, мэдээж зөв. Гэхдээ урлаг хөгжиж байж улс соёлждог гэдгийг санах хэрэгтэй юм болов уу.

-Балетын урлагт суралцаж байгаа өсвөрийнхөнд хандаж юу гэж хэлэх вэ?

-Битгий шантар, шантарч огт болохгүй. Бэлтгэл сургуулилтаа маш сайн хий. Олон улсын тэмцээнд ор. Тэнд л чамайг бүгд ажиглаж, харж, сонгож байдаг юм шүү.

-Амралтаараа байнга эх орондоо ирдэг үү?

-Ирэлгүй яах вэ. Ирэхдээ Улсын дуурь бүжгийн эрдмийн таетрынхаа тайзан дээр нэг гарчхаад явдаг. Энэ нь миний хувьд хийморийн сан тавиулсантай дүйх зүйл юм.

-Ярилцсан танд баярлалаа.

Зураг