Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ технологиор Хятадыг хол хаях алхам хийх хэрэгтэй байгааг судлаачид сануулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Зөвлөлтийн эрдэмтэд Спутник хиймэл дагуулыг зохион бүтээж байгаа нь

Хятадын технологийн үсрэнгүй хөгжлийн хариуд АНУ 1950, 1960-аад оны үед Зөвлөлтийг сансар судлалын салбарт гүйцэж түрүүлсэн шигээ том алхам хийх хэрэгтэй байгааг судлаачид анхааруулжээ.

Вашингтонд төвтэй “Information Technology and Innovation Foundation” стратеги судалгааны байгууллагын ерөнхийлөгч Роберт Аткинсон гаргасан дүгнэлтдээ “Арав орчим жилийн өмнө Хятадын технологийн хөгжил Америкийнхаас 80 орчим хувь хоцорч байсан. Харин сүүлийн жилүүдэд 50 хувь болж ойртжээ” гэж бичсэн байна.

Тэрээр энэхүү дүгнэлтийг гаргахдаа үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний судалгаа шинжилгээнд зарцуулж буй хувь хэмжээ, бакалавр, магистрын зэрэгтэй иргэдийн тоо хэмжээ, их дээд сургуулиудын сургалтын чанар, шинэ патент авч буй тоо, интернэтийн хэрэглээний өсөлт, аж үйлдвэрт робот хэрхэн нэвтэрч байгаа зэрэг нийт 36 үзүүлэлтийг харьцуулан судалжээ.

“Хэрвээ Хятад улс зөвхөн хуулбарлагч бол эрсдэл учруулах нь бага. Гэтэл энэ улс Азийн бусад барууд шиг хуулбарлагчаас инноватор болон хурдтай өөрчлөгдөж, аюул улам нэмэгдэж байна” гэж тус тайланд өгүүлсэн байна.

Тиймээс Зөвлөлтийг сансар судлалаар гүйцэж түрүүлсэн шиг томоохон алхам хийх хэрэгтэй байгааг Вашингтоны эрх баригчдад сануулжээ.

1957 онд тухайн үеийн ЗХУ дэлхийн анхны хиймэл дагуул Спутникийг хөөргөж, 1961 онд хүн төрөлхтнөөс анх удаа Юрий Гагариныг сансарт нисгэж байв.

Үүний дараа АНУ технологийн салбарт асар их хөрөнгө оруулсны хүчинд Зөвлөлтийг гүйцэж түрүүлэн 1969 онд хүн төрөлхтний түүхэнд анх удаа хүнийг саранд дээр буулгаж байжээ.

Хятад улсын засгийн газар “Made in China 2025” хөтөлбөр зарлаж, технологийн 10 гол салбарт тэргүүлэх томоохон зорилт тавиад ажиллаж байна. Энэ хөтөлбөр нь АНУ, Европын Холбоог айлгаж байгаа юм.

Зөвхөн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн салбарт 2006-2016 оны хооронд АНУ-тай харьцуулахад Хятадын нэмүү өртгийн хэмжээ 51 хувиас 145 хувь болж өссөн байна. Мөн хугацаанд экспортын хэмжээ нь 84 хувиас 304 хувь болж нэмэгджээ.

Технологийн салбарт тэргүүлэх байр сууриа АНУ хадгалахын тулд зөвхөн Хятадаас технологи хулгайлахаа зогсоох, шударга өрсөлдөхийг шаардах хангалтгүй, харин өөрийн инновац, өрсөлдөх чадварыг өсгөн нэмэгдүүлэх хэрэгтэй байгааг тус тайланд онцолсон байна.

 

Эх сурвалж: South China Morning Post