Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн эрүүл хүмүүс фитнест явдаггүй, харин...

О.Булган, iKon.mn
2019 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн жилүүдэд дэлхийн хүн ам, тэр дундаа залуусын дунд идэвхтэй дасгал, хөдөлгөөн, эрүүл хооллолтын амьдралын хэв маяг ихэд газар аваад байгаа билээ.

Эрүүл байх нь мэдээж зөв хооллолт, байнгын идэвхтэй дасгал хөдөлгөөн зэрэг олон зүйлийн үндсэн дээр цогцлох боломжтойг бид бүгд мэднэ.

Тэгвэл сүүлд олон улсад гарсан нэгэн сонирхолтой судалгаагаар дэлхийн хамгийн Эрүүл хүн амтай буюу хүн амын дундаж наслалт нь өндөр байдаг орнуудын иргэд байнга фитнест явж, төмөр өргөж, марафонд оролцдоггүйг танилцуулаад байгаа юм.

Харин түүний оронд тэдгээр улс иргэдээ байнгын дасгал, хөдөлгөөнтэй байх орчин нөхцөлд амьдруулдаг нь эрүүл байхад нөлөөлдөг хамгийн том хүчин зүйл болохыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, тухайн орны иргэд байнгын хөдөлгөөн шаарддаг орчин нөхцөлд амьдардаг ба орон гэр, хашаа хорооны ажил гүйцэтгэх нь фитнест явж, дасгал хөдөлгөөн хийхээс ч илүү үр дүнтэй гэдгийг онцлоод байна.

Судалгааг гаргасан “Blue Zones байгууллагын судлаачдын дүгнэж буйгаар байгаль дахь дасгал хөдөлгөөн нь дундаж наслалтыг уртасгах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга ба энэ нь дэлхийн хүн амын дийлэнхийн өдөр тутмын амьдралын хэв маягийн нэг хэсэг юм хэмээн тайлбарлажээ.
 

Дээрх газрын зурагнаас харахад Япон улсын Окинава, Грек улсын Икария, Итали улсын Сардиния, Коста Рикагийн Никова болон АНУ-ын Калифорни мужийн Лома Линда хотын хүн ам байгальд хамгийн их дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хооллодгийг тогтоожээ.

Хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлтийг харахад 100 жилийн өмнө нийт ажлын ердөө 10% нь л суудлын ажил байсан бол өдгөө энэ тоо 90 гаруй хувьд хүрчээ. Энэ нь хүн төрөлхтний амьдралын хэв маягт ямар их өөрчлөлт орсныг илтгэж байгаа юм.

Тэгвэл дэлхийн эрүүл мэндийн салбарын эмч, судлаачид өдөрт 15 минут алхах нь өдрийн дасгал хөдөлгөөнийг хангахад хамгийн зөв бөгөөд энгийн арга гэдгийг онцлов. Ингэхдээ зүгээр нэг цаг нөхцөөж алхах бус, хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхдөө, хүнс цуглуулахдаа эсвэл найзтайгаа уулзахдаа гэх мэт аливаа зүйлд зорилготойгоор алхах эсвэл дугуй унаж, тээврийн хэрэгслийн “идэвхтэй” горимыг сонгохыг санал болгожээ.

Мөн АНУ-ын Хавдар судлалын төвөөс хийсэн судалгаагаар долоо хоногт зургаан цаг орчим алхах нь зүрх судас, амьсгалын замын өвчлөлд өртөх магадлалыг бууруулдаг гэсэн байна. 

Түүнчлэн алхах нь сэтгэл мэдрэлийн өвчлөлд автах эрсдлийг 40% бууруулдаг гэсэн судалгааны үр дүнг Швед улсын Их сургуулийн эмч нар тогтоосон гээд дэлхийн олон улсын судлаачид өдөр тутамдаа алхаж, байгальд дасгал хөдөлгөөн хийх нь фитнест явахаас илүү эерэг үр дүнтэйг нотолсоор байгаа юм.

Эцэст нь бидний бие байнгын хөдөлж байхаар бүтээгдсэн ч байнга фитнест явж, хүнд төмөр өргөх хэрэгтэй гэсэн үг биш юм. Харин байгалийн аясаар өгөгдсөн дасгал хөдөлгөөнөөр өөрийгөө байнга эрчимжүүлэх нь илүү үр дүнтэй гэдгийг судлаачид ийнхүү онцолж байна.

 

 

Эх сурвалж: World Economic Forum