Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ар гэрийнхэнд нь тэтгэмж олгосноор амиа алдсан цэргийн асуудлыг "намжаах" уу сайд аа?

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч А амиа алдсан хэрэг энэ оны нэгдүгээр сарын 22-нд гарсан билээ.

Хэрэг гарсан даруйд албаны эх сурвалжууд тухайн байлдагчийг золгүй байдлаар амиа алдсан гэх мэдээлэл өгч байсан. Гэвч талийгаач цэргийн ар гэрийнхэн цогцосны зургийг сошиалд байршуулснаар дэглэлт гэдэг зүйл өнөө цагт ч амь бөх оршсоор байгааг харуулсан юм. 

Уг хэргийг харьяаллын дагуу Дорноговь аймгийн цагдаагийн газарт шалгаж буй. Хэрэг гарсан даруйд 336 дугаар ангийн ротын захирагч, ахлах дэслэгч А.Энхбаяр, дэд ахлагч Р.Ванчинхангаа нарыг албан тушаалаас нь чөлөөлж, цагдан хорьж, шалгаж эхэлсэн. Мөн талийгаач А-гийн үхлийн шалтгааныг тогтоохоор ШШҮХ-гээс шинжээч томилогдон ажиллаж эхэлсэн. Ингээд тодорхой хугацааны дараа талийгаачийн зүрх нь ачаалал даагаагүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан юм. Өөрөөр хэлбэл, байлдагч А гадны нөлөөгүй нас барсан хэмээн албан ёсоор дүгнэв.

Талийгаачийн ар гэрийнхэн албан ёсны дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж Монгол цэргийн өдрөөр Батлан хамгаалах яамны үүдэнд суулт хийсэн билээ. Тэд эмчийн үзлэгт тэнцээд эрүүл гэж оношлогдон цэргийн албанд татагдсан хүүгээ гадны нөлөөгүй нас барсан гэдэгт итгэхгүй байгаагаа илэрхийлсэн юм.  

Харин энэ хугацаанд Батлан хамгаалах яамны зүгээс тус ангид алба хааж байсан цэрэг нас барсан нь үнэн гэхээс өөрөөр байр сууриа илэрхийлсэнгүй. Тэр бүү хэл салбарын сайд нь цэргийн дэглэлт байдаг юм бол баримттай гаргаад ир хэмээн даналзаж явсан.

Ямартай ч тус яамны зүгээс 336 дугаар ангийн захирагч хурандаа Д.Өлзийбаярыг албан тушаалаас нь чөлөөлж, тус ангийн зэвсэглэл техник хариуцсан орлогч, ар талын хангалт хариуцсан орлогч, батальоны захирагч нарт албан тушаалын хариуцлага тооцож чөлөөлөхөөр болсон тухай мэдээллийг албан ёсны сайтдаа байршуулсан байсан. Хуулийн хүрээнд яамнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ энэ байх.

Харин Батлан хамгаалахын сайд Н.Энхболд талийгаачийг ар гэрийнхэнийг хүлээж аваад хүн ёсоор уулзалгүй зугтсаар өнөөг хүрчээ.

Зүй нь энэ асуудалд БХЯ-ныхан шат шатандаа хариуцлага хүлээх ёстой баймаар

Зарим эх сурвалжийн өгүүлснээр талийгаачийн ар гэрийнхэнд тодорхой хуулийн дагуу нөхөн олговор олгосон гэх. БХЯ-наас цаг бусаар амиа алдсан цэргийнхээ ар гэрт буцалтгүй тусламж олгох нь зүй ёсны хэрэг. Харин тусламж нэрээр өгсөн мөнгө хүний амьтай дүйцэхгүйг эрхэм сайд эрх биш мэдэх байх.   

Хэрэг шийдэгдээгүй, шалтгаан нөхцөл нь тогтоогдоогүй байхад салбарын сайдыг хариуцлага хүлээ гэж шаардах нь угаас зохимжгүй үйлдэл. Тиймээс ч талийгаачийн ар гэрийнхэн БХ-ын сайд Н.Энхболдоос “Биднийг хүлээн авч уулзаж, хэлэх үгийг минь сонсооч” гэж хүссэн. 

Гэвч сайд гадаад томилолттой гэдэг шалтгаанаар яамны өөр албан тушаалтнууд ар гэрийнхэнтэй нь уулзаж, санал хүсэлтийг цааш нь уламжлахаа илэрхийлсэн тухай талийгаачийн ах ярьж байв. 

Мөрдөн байцаалтын ажиллагаа өнөөг хэр үргэлжилж байгаа ч шинжээчийн дүгнэлт нэгэнт гадны нөлөөгүй гээд гарчихсан. Тэгвэл зүрх нь ачаалал даагаагүйн улмаас цэрэг нас барсан хэрэг хариуцах эзэнгүй ингээд хаагдах уу?

Зүй нь энэ асуудалд БХЯ-ныхан шат шатандаа хариуцлага хүлээх ёстой баймаар. 

Талийгаач А-гийн зүрх ачаалал даагаагүй нь үнэн бол эрүүл мэндээр тэнцүүлсэн цэрэг татлагын комисс хуурамч дүгнэлт гаргасан уу. Эсвэл бахардаж унан, амьсгал хураах хүртэл нь ачаалал үүрүүлж, дэглэсэн үү. 

Цэрэг татлагын комиссын нарийн мэргэжлийн эмч нар үнэн зөвөөр үзлэг хийдэг бол яагаад цэрэг ачаалал даалгүй нас барахад хүрэв. 
Мөн эрүүл саруул татагдсан цэргийг амиа алдах хэмжээнд хүртэл ачаалал өгч, дэглэж байгааг хэзээ болиулах вэ.        

Аль нь ч байсан БХ-ын сайдын эрхэлсэн асуудлын хүрээнд асуудлыг шийдэж, дахин харамсалтай хэрэг гарахаас сэргийлэх ёстой баймаар.