Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

"2019 онд 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж, эхний ээлжинд 2-6 насны хүүхдийн шүдийг эмчилнэ"

С.Бадрал, iKon.mn
2019 оны 4 сарын 10
iKon.MN

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл өгч байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/281845619399536/

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Засгийн газраас 2018 оны наймдугаар сард баталсан "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.

Манай улсын нийт хүүхдүүдийн 84-96 хувь шүдний цооролтой байна гэх судалгаа гарсан. Энэ асуудлыг хайхралгүй орхивол бүтэн нэг үе шүдний асуудалтай үлдэх байсан учраас хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон.

Шүд бол гадна талаасаа гоо зүй, дотор талаасаа олон өвчлөлийн эхлэл болдог. Тиймээс хөтөлбөр онц чухал үүрэгтэй.

Бид 2-12 насны хүүхдүүдээ эмчлэхээс гадна амны хөндийн эрүүл ахуйн талаар дадал хэвшлийг бий болгохыг зорьж байна.

Хөтөлбөрт нийт 50 тэрбум төгрөг зарцуулахаас 2019 онд 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэнэ.

Эрүүл мэндийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэнтэй бүрэн ойлгоцсоны үндсэн дээр хөтөлбөрийг эхлүүлж байна.

Хөтөлбөрийн үр дүнд 2023 он гэхэд шүдний цоорлыг 30 хувь бууруулах төлөвлөгөө гарган ажиллаж байгаа.

Эмнэлгүүдийн жагсаалтыг зарласан. Иргэдийн зүгээс цахим орчинд үнэгүй юм бол чанаргүй гэх сэтгэгдлийг илэрхийлж байна. Тиймээс үүнийг би үнэгүй биш гэдгийг онцолж хэлье. Эмчилгээний зардлыг төрөөс гаргаж байгаа.

2-12 насны 700 гаруй мянган хүүхдийн шүдийг бүгдийг нь нэг жилд эмчлэх боломжгүй. Тиймээс эхний ээлжинд 2-6 насны, зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхдийн шүдийг эмчлэх уян хатан бодлого баримталж байна.

Зайлшгүй гэдэгт тухайн хүүхэд цаг алдалгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай хэдий ч санхүүгийн шалтгаанаар эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа тохиолдлыг хамруулна" хэмээн ярилаа.