Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Хонгор: 2015 онд БЗД-т хийсэн аудитын шалгалтаар 1.2 тэрбумын зөрчил илэрсэн бол 2016 онд 5.1 тэрбум болж өссөн

А.Намуун, iKon.mn
2019 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид тус дүүрэгт үүссэн төсөв, санхүүгийн зөрчлийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Сүүлийн жилүүдэд Баянзүрх дүүрэгт төсвийн сахилга бат алдагдсан гэдгийг тэд хэлэв. Энэ талаар шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан ч үр дүнд хүрэхгүй байгаагаа мөн ярилаа. Тухайлбал, тус дүүрэгт 2015 онд аудитын шалгалт хийхэд 1.2 тэрбум төгрөгийн зөрчил илэрч байжээ. Харин 2016 онд энэ тоо 5.1 тэрбум болж өссөн байна.

Энэ тухай ИТХ-ын төлөөлөгч Г.Хонгор “2016 онд төсөв батлахад 1.1 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийхээр зураг төсөлд 38 сая төгрөг төсөвлөсөн байдаг. Гэтэл 2017 онд 710 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажлын зураг төсөлд 210 сая төгрөг төсөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл, 210 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг зүй бусаар зарцуулчихсан гэсэн үг” гэлээ. 

Мөн тэрбээр “Хууль хяналтын байгууллагад төсөв, мөнгөний зөрчлийн талаар тодорхой гомдол гаргасан ч бүтэн хоёр жил болж байхад өнөөх хонгилын гэгдэх прокурорууд нь хэргийг хаачихдаг” хэмээв. 

Тиймээс шинээр томилогдсон Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандан, төсвийн хууль тогтоомжийг зөрчин санхүүгийн сахилга алдсан дүүргийн өнөөгийн удирдлагуудад холбогдох хэргүүдийг дахин сэргээн шалгахыг хүслээ. 

Мөн БЗД-т Сангийн яамнаас хийсэн санхүүгийн шалгалтаар 12 зүйлийн зөрчил илрүүлснийг үндэслэн АТГ-т хандахад Сангийн яамны дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд авч үзэлгүй, хэргийг хэрэгсэхгүй болгосныг дурдлаа.