Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Сураггүй болсон сөнөөгч онгоцны үлдэгдлийг далайгаас олсноо Японы засгийн газар мэдээллээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орой далай дээгүүр нисэж байхдаа сураггүй болсон Японы F-35 сөнөөгч онгоцны үлдэгдлийг олсноо тус улсын батлан хамгаалах яам саяхан зарлажээ.

Харин онгоцны нисгэгч олдоогүй байгааг энэ үеэр мэдээлсэн байна. Далайд унасан F-35 сөнөөгч нь АНУ-ын Lockheed Martin компанийн үйлдвэрлэсэн хамгийн орчин үеийн байлдааны техник бөгөөд ашиглагдаж эхлээд жил болоогүй байгаа.

Япон улсын засгийн газар Хятадын цэрэг зэвсгийн хүч өсөн нэмэгдэж байгаагийн улмаас агаарын хүчиндээ шинэчлэл хийж, ийм загварын сөнөөгч онгоц 87 ширхэгийг авахаар захиалаад түрүүчээс нь хүлээж аваад байгаа юм.

Үйлдвэрлэгч Lockheed Martin компани ослын шалтгааныг тогтоохын тулд Японы өөрийгөө хамгаалах агаарын хүчинтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Пентагон мөн нөхцөл байдлыг анхааралтай хянаж байгаагаа мэдээлжээ.

Бараг хорин жилийн өмнө F-35 төрлийн сөнөөгч онгоц анх удаагаа осолдож байсан бол өнөөдөр хоёр дахь тохиолдол нь болж байна.

Японы тал Lockheed Martin компаниас F-35A загварын онгоцны эд ангиудыг нь авч, Нагояагийн ойролцоох Mitsubishi Heavy Industries Ltd компанийн үйлдвэрт угсарч байгаа юм. Ингэж угсрахад нэгж онгоцны зардал $100,000,000 болсон нь бүрэн угсарсан онгоц авахаас яльгүй өндөр өртөгтэй болж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Reuters