Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Израйлийн сонгуульд хэн ялсан нь тодорхойгүй байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Зүүн гараас Бэнни Ганц, Бенжамин Нетаньяху нар

Мягмар гарагт Израйль улсад парламентын сонгуулийн санал хураалт болж өнгөрсөн юм. Урьдчилсан дүнгээр Бэнни Ганцын тэргүүлсэн төв үзэлтэй хүчнүүдийн эвсэл, ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн барууны Ликуд нам тун ойролцоо санал авсан бололтой.

Одоогоор тэд хоёул ялалтаа зарлаад байна.

Бэнни Ганцын “Хөх ба цагаан” эвсэл 36-37 суудал, Ликуд нам 33-36 суудал авсан гэсэн мэдээлэл байгаа юм. Зарим эх сурвалжууд Нетаньяхуг барууны чиг баримжаатай улс төрийн хүчнүүдтэй эвсэж засгийн газар байгуулах боломжтой гэж дүгнээд байна.

Гэхдээ өөр эх сурвалжууд тэдний авсан суудал тэнцсэн тул байдал хаашаа ч эргэж болзошгүй байгааг мэдээлжээ.

Израйлийн 120 суудалтай хууль тогтоох байгууллага болох Кнессетэд ямар ч нам олонх болж байгаагүй, үргэлж эвслийн засгийн газар байгуулагдаж ирсэн түүхтэй.

Хэрвээ Нетаньяхугийн тал ялбал тэр тав дахь удаагаа сонгогдож, Израйлийг үүсгэн байгуулсан эцэг гэгддэг Дэвид Бэн Гурионыг гүйцэж, түүхэнд хамгийн удаан ажилласан ерөнхий сайд болох юм. 

Мөн авлигын хэд хэдэн хэрэгт холбогдоод байгаа 69 настай Нетаньяхуд ял шийтгэлээс зугтах боломж гарна. Тэрээр Израйлийн үндэсний аюулгүй байдлыг нэгдүгээрт тавихаа сонгуулийн үеэр амлаж байсан юм.

Нетаньяхугийн гол өрсөлдөгч нь 59 настай чөлөөнд гарсан дэслэгч генерал Бэнни Ганц. Тэрээр өнгөрсөн хоёрдугаар сард төвийн үзэлтэй улс төрийн хүчнүүдийг нэгтгэсэн “Хөх ба цагаан” эвслийг байгуулж байв.

Тэр “замаа алдсан улс орныг нэгтгэнэ” гэсэн уриатай өрсөлдсөн юм. Тэрээр Нетаньяхугаас илүү цэвэр аргаар улсыг удирдаж, бас үндэсний аюулгүй байдлыг бататгахаа амлаж байгаа.

Сонгуулийн албан ёсны дүн өнөөдөр буюу Лхагва гарагт гарахаар байна.

 

Эх сурвалж: BBC