Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

ТАЙЛАН: Сургуулийн өмнөх боловсролд хөрөнгө оруулалтаараа Монгол Улс дэлхийд тэргүүлж байна

А.Намуун, iKon.mn
2019 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг НҮБ-ын Хүүхдийн Сангаас авав.

“Монгол Улс нь боловсролын салбарын төсвийн дөрөвний нэгээс илүүг сургуулийн өмнөх боловсролд хуваарилдаг нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлтийн нэг юм” хэмээн НҮБ-ын Хүүхдийн Сан өнөөдөр гаргасан шинэ тайландаа дурдсан байна.

Туркменистан улс төсвийнхөө 28 хувийг сургуулийн өмнөх боловсролд хуваарилсантай харьцуулахад Монгол Улс төсвийнхөө 26 хувийг хуваарилж, хоёрдугаарт эрэмбэлэгджээ.Үүний ачаар Монгол Улс өнгөрсөн арван жилийн хугацаанд сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг үлэмж нэмэгдүүлж чадсаныг дурдсан байна.

Энэхүү амжилтыг олон улсын түвшинтэй харьцуулбал 2017 онд дэлхийн улс орнууд боловсролын салбарын төсвийн дунджаар 6.6 хувийг сургуулийн өмнөх боловсролд зарцуулжээ. Үүнээс мэдээлэл нь байгаа улс орнуудын 40 орчим хувь нь боловсролын төсвийн 2% хүрэхгүй хэсгийг энэ салбарт хуваарилдаг байна. 

Хүн амын нягтрал сийрэг, иргэдийн багагүй хувь нь нүүдэлчин амьдралтай Монгол Улсын сургуулийн өмнөх насны хүүхдийн 86-аас дээш хувь нь бага насны боловсролын үйлчилгээнд хамрагдаж байгаа нь дэлхийн дундаж үзүүлэлт болох 50%, мөн Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн дундаж болох 80 хувьтай харьцуулахад өндөр үзүүлэлт болохыг тус тайланд онцлов.

Алслагдсан орон нутагт улирлын чанартай ажилладаг нүүдлийн гэр цэцэрлэгийг бий болгосон нь эерэг арга хэмжээ болсон тухай энэхүү тайланд онцолжээ. Байршил, уур амьсгал, амьжиргааны түвшин зэргийг харгалзсан хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлсэн нь малчдын хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулахад ихээхэн тус нэмэр болсон тухай бичсэн байна.

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс “Бид сургуулийн өмнө боловсролын үйлчилгээний тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах дэмжлэгийн хүрээнд  бага насны хүүхдийг сургах үйл явцад орчин үеийн дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлэх, гэр бүлд бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих хувилбаруудыг турших зэргээр Монгол Улсын Засгийн газар, иргэд олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудтай амжилттай  хамтран ажиллаж байна” гэв.

Дэлхийн хэмжээнд өрхийн орлого, ээжүүдийн боловсролын түвшин, газар зүйн байршил нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшихэд нөлөөлөх гол хүчин зүйлс болохыг илтгэлд тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ ядуурал хамгийн том нөлөөлөх хүчин зүйл болж байна.

Тайлангийн гол үр дүнгээс дурдвал: 

  • Ядуурлын нөлөө: 64 улс орныг хамруулан үзвэл, бага орлоготой өрхийн хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах байдал чинээлэг өрхийн хүүхдүүдээс 7 дахин бага байна. Монгол Улсын хувьд чинээлэг өрхийн хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт бага орлоготой өрхийнхтэй харьцуулахад 2.5 дахин илүү байна.
  • Зөрчил, мөргөлдөөний үр нөлөө: Зөрчил, мөргөлдөөн болон гамшигт өртсөн 33 оронд амьдарч буй бага насны хүүхдүүдийн гуравны хоёроос илүү хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байна.  Гэхдээ сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан цөөн хүүхэд энэ боловсролын ашиг тусыг сайтар хүртсэн байдаг. Сургуулийн өмнөх боловсрол нь хямралд өртсөн бага насны хүүхдүүдэд тулгарч буй зовлон зүдгүүрийг даван туулахад дэмжлэг болж, улмаар суралцах, тоглох аюулгүй орчин, өөрийн санаа, сэтгэлээ илэрхийлэх нөхцөлийг бүрдүүлж өгдөг. 
  • Боловсролын түвшний мөчлөг: Боловсролын мэдээллийн сантай улс орнуудад дүн шинжилгээ хийхэд, дунд ба түүнээс дээш боловсролтой эхчүүдийн хүүхдүүд бага боловсролтой буюу боловсролд хамрагдаагүй эхийн хүүхдүүдтэй харьцуулахад сургуулийн өмнөх боловсролд хамрагдах магадлал ойролцоогоор 5 дахин их байдаг.

 

 

Эх сурвалж:  НҮБ-ын Хүүхдийн Сан