Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Твиттерийн гүйцэтгэх захирал 2018 онд нийтдээ $1.4-тэй тэнцэх цалин авжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Сошиал сүлжээний Твиттер компанийн гүйцэтгэх захирал Жэк Дорси өнгөрсөн онд $1.4-тэй тэнцэх цалин авсан байна.

Өчигдөр тус компаниас АНУ-ын Үнэт цаас, Арилжааны хороонд ирүүлсэн тайланд Твиттер компани анх удаа захиралдаа цалин олгосныг дурджээ.

Жэк Дорси нь Твиттер компанийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд 2015 онд гүйцэтгэх удирдлагаар томилогдож байсан юм. Тэр уг компанид ажилласан эхний гурван жилдээ цалин аваагүй юм байна.

Харин цалин авсан эхний жил нь 2018 он байжээ. Дорсиг яагаад цалингаас татгалзаж байсныг уг тайланд тайлбарлахдаа “Твиттер компанийн урт хугацаанд бий болгож чадах үнэ цэнэ, боломжид итгэж, найдаж байгаагийн илрэл” гэсэн байна.

Дорсиг анх Твиттерт ирэхэд уг сүлжээний нэг бичлэгийн урт 140 тэмдэгтэд хязгаарлагддаг байв. Тиймээс түүний цалинг нэгж тэмдэгт бүрт нэг центээр тооцож тогтоосон байх гэж хүмүүс таамаглажээ.

Харин Дорси 2017 оны сүүлээр нэг бичлэгийн тэмдэгтийн хязгаарыг 280 болгон нэмэгдүүлж байв. Тиймээс 2019 онд түүний цалингийн хэмжээ хоёр дахин нэмэгдэж, $2.8 болж магадгүй юм.

АНУ-ын Цахиурын хөндийн тэрбумтан захирлуудын дунд тогтмол цалингаас татгалзаж, бэлгэдлийн тоотой хөдөлмөрийн хөлсний хэмжээ (ихэвчлэн жилд $1) тогтоолгох явдал түгээмэл байдаг. Жишээ нь Apple-ийн Стив Жобс агсан, Google-ийн Эрик Шмидт, Сергей Брин, Ларри Пэйж, Yahoo-гийн Карол Барц, Терри Семел, Cisco-гийн Жон Чамберс, Oracle-ийн Ларри Эллисон нар ийм цалинтай ажилладаг, ажиллаж байсан юм.

 

Эх сурвалж: CNET