Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Суданд төрийн эргэлт гарахад ойрхон байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Зүүн хойд Африкийн Судан улсын нийслэл Хартумд ширүүн буудалцаан болж байгааг дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд дамжуулж байна.

Сүүлийн хэдэн сарын хугацаанд энэ улсын иргэд ядуурал нэмэгдэж, хүнсний барааны үнэ өсөж байгааг эсэргүүцэн жижиг хэмжээний тэмцэл тасралтгүй зохион байгуулж байв.

Харин сүүлдээ энэ эсэргүүцэл нь Судан улсыг 1989 оноос хойш тасралтгүй удирдаж байгаа армийн офицер асан ерөнхийлөгч Омар Аль Баширыг огцруулах тэмцэл болж өргөжсөн юм.

Өнгөрсөн Бямба гарагт тэмцэл оргилдоо хүрч иргэд ерөнхийлөгчийн ордны гадна олноор цугларсан бөгөөд хамгаалалтын албаныхан тэднийг тараахаар хүч хэрэглэж эхэлжээ.

Гэвч Суданы армийн цэргүүдийн зарим хэсэг нь тэмцэгчдийн талд орсноор мөргөлдөөн хурцдах шатандаа орсон байна.

Ням гарагт Суданы эрх баригчид сошиал сүлжээг орон даяар хааж, цахилгаан эрчим хүчийг хэсэгчлэн тасалжээ. Интернэт хяналтын NetBlocks байгууллагын мэдээлснээр Суданы Sudatel, Kanartel компаниудын сүлжээнд Twitter, Facebook, WhatsApp, Telegram үйлчилгээнүүдийг хаагаад байна.

Тэмцэл эхэлснээс хойш хоёр дахь удаагаа сошиал үйлчилгээнүүдийг хаасан нь энэ юм. Анх өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-нд эхний удаа хаасан нь 68 өдөр үргэлжилж, хоёрдугаар сарын 26-нд нээгдэж байжээ.

Сүүлийн үед Африкийн дарангуйлагч нар интернэтийг хааж, иргэдийн дуу хоолойг боомилох аргыг түгээмэл хэрэглэж байна.

Саяхан нэг бүс нутагт орших Алжир улсын иргэд сар гаруй тэмцэл хийсний эцэст 20 жил ерөнхийлөгчийн суудалд сууж байгаа Абделазиз Бутефликаг огцруулсан нь Суданы иргэдийг зоригжуулсан гэж ажиглагчид тайлбарлаж байгаа юм.

Алжирийн ерөнхийлөгч 82 настай Бутефлика 2013 оноос хойш эрүүл мэнд нь доройтож, ажил албаа нэр төдий залгуулах болсон байна. Гэвч тэр хоёрдугаар сард тав дахь удаагаа сонгуульд өрсөлдөх шийдвэр гаргасан нь Алжирийн иргэдийг босоход хүргэжээ.

75 настай Суданы ерөнхийлөгч огцрох шаардлагыг хүлээж авахаас татгалзаж, улс орондоо нэг жилийн хугацаатай онц байдал зарлан, хоёрдугаар сард засгийн газраа тараагаад байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters, Quartz