Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

АН-ын бүлэг үйл ажиллагаагаа дуусгавар болгож буйгаа мэдэгдлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

Тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат “АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж бүлгийн үйл ажиллагаагаа дуусгавар болгож зөвлөл болгох асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргалаа. Мөн Стандарт банканд тавьсан өрийн асуудлаар ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзлээ. 

Эхний асуудлын тухайд, олон сарын турш АН-ын бүлэг байх байхгүй асуудлаар улс төржсөн. УИХ-ын гишүүн Л.Болд бүлгээс албан ёсоор гарснаар бүлэг өөрөө тарах шийдвэр гаргаснаа мэдэгдэж байна. АН-аас Их хуралд сонгогдсон долоон гишүүний хурлаар УИХ дахь АН-ын зөвлөлийн дүрмийг баталсан. АН-ын долоон гишүүн зөвлөл байгуулж байгаагаа УИХ-ын даргад албан бичгээр мэдэгдсэн. Түүнчлэн зөвлөлийн даргын сонгууль явуулж Д.Эрдэнэбат миний бие улиран ажиллах боллоо. 

Хуулийн дагуу энэ долоо хоногийн Пүрэв гарагийн чуулганы хуралдаан дээр УИХ-ын дарга мэдээлснээр энэ асуудал албан ёсоор шийдэгдэнэ

Зөвлөл байгуулснаар сөрөг хүчний хувьд зарим зүйл өөрчлөгдөнө. Тухайлбал, сөрөг хүчний хувиар завсарлага авч чадахгүй болно. 

Хоёрдугаарт, өнгөрсөн долоо хоногт Засгийн газар Стандарт банкны өрийг дарсан тухай мэдээлэл хийлээ. Үүнтэй холбогдуулан хуулийн зөрчил байгаа эсэхийг заавал эргэж нягтлах ёстой гэж үзэж байна. Бусдын тавьсан өрийг ард түмний халааснаас төлөх ёсгүй гэдэг байр суурьтай байгаа.

Үүн дээр бид ажлын хэсэг байгуулна. Энэ ажлын хэсгийг зөвлөлийн дэд дарга Д.Пүрэвдоржоор ахлуулна. 

Эрдэнэт үйлдвэрийн эрсдлийн сангаас хэн нэгний хулгай, луйврын мөнгийг төлөх журам байна уу. Үүнийг хуульд нийцэж байгаа эсэхийг шалгах ёстой. Мөн зуучлагч компани гэдэг зүйлийг анхаарах шаардлагатай байгаа. Зуучлагч компаниар дамжин 40 сая ам.доллар төлөхөөс гадна баяжмалын хэлбэрээр дахин төлбөр төлөх асуудал үүсэх юм биш байгаа гэсэн хардлага бий

Бусад хохирлыг зайлшгүй тооцох ёстой. Шүүх хуулийн байгууллагаар явсан зардлыг тооцож үзэх хэрэгтэй. Ийм өр төлбөр бий болгосон буруутай этгээдийг ил болгох ёстой.

Түүнчлэн энэ хаврын чуулганаар хэлэлцэх ёстой 29 асуудлын 19-ийг нь өргөн мэдүүлээгүй байна. Тиймээс өргөн мэдүүлээгүй байгаа хуулийн төслөө яаралтай оруулж ирэх шаардлагатай байгааг сануулъя” гэлээ.