Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Нямдорж: С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор надад таван хэрэг үүсгэсэн

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын хууль зүйн байнгын хорооны ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хууль болон С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг шалгах түр хороо байгуулах асуудлыг хэлэлцлээ.  

Түр хороо байгуулах саналыг Л.Болд нарын зургаан гишүүн өргөн бариад байсан билээ. Байнгын хорооноос С.Зоригийн хэргийг шалгах түр хороо байгуулах тухай саналыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Түр хорооны бүрэлдэхүүнд олон гишүүн хэрэггүй. Өчигдөр орой Ерөнхий прокурорын орлогч байсан Г.Эрдэнэбат гэдэг хүн ярилцлага өгч байна билээ. Тэр хүн эрүүдэн шүүсэн асуудлаар шоронд суух ёстой хүн. Монголд шударга ёс гэж байна уу үгүй гэдгийг л би үзэх гээд байна. 

Тэр этгээд гүйцэтгэх ажлын төлөвлөгөө гэдэг юманд гарын үсэг зурсан. Гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг тагнуулын нууц ажилтнууд зохиодог. Хоёр нууц ажилтан, мөрдөн байцаагч доор нь гарын үсэг зураад дээр нь Б.Хурц, Г.Эрдэнэбат, Б.Хурцын орлогч гурав гарын үсэг зурсан. 
Ингэж байж хүн тамладаг ажиллагаа хийгдсэн. Хэзээ ч прокурор гүйцэтгэх ажлын төлөвлөгөө баталдаггүй. Хамгийн хориотой юм нь.  

Ийм учраас түр хороог хурдан байгуулаад асуудлыг шийдэх ёстой. 

Сүүлийн үед Ц.Нямдорж сайд байсан хэр нь энэ асуудлыг эрт илрүүлэх нь яасан юм гэдэг дайралт их ирж байгаа. Би 2012 онд сайдын ажлаа өгсөн. Энэ зохиомол ажиллагаа 2013 оны наймдугаар сард эхэлсэн. Буцаж 2017 онд сайд болоход энэ хэрэг шүүхээр орчихсон байсан. 

Надад С.Зоригийн хэргийн төлөө явсаны төлөө таван хэрэг үүсгэсэн байгаа. Гүйцэтгэх ажил, шүүн таслах, мөрдөн байцаалтын ажилд хөндлөнгөөс оролцох гэж оролдсон гэсэн. Мөн ШШГЕГ болон цагдаагийн ажилтнууд дээр эрүүгийн хэрэг үүсгэж дарамталж байгаа. Үүнийг бүгдийг нь захиалгаар хийж байгаа. 

Гэтэл Г.Эрдэнэбатыг өмөөрөөд байдаг гишүүд байна. Б.Хурц, Г.Эрдэнэбатын захиалгаар гар хөл нь болж гүйдэг гишүүд болиорой. 

УИХ-ын гишүүн Л.Болд: Энэхүү тогтоолын төслийг миний бие болон Ж.Батдандан, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, А.Сүхбат нарын гишүүд өргөн барьсан. Эдгээр гишүүд энэ түр хороонд орох хүсэлт илэрхийлсэн. Дээр нь олон гишүүн хэрэггүй байх. Яагаад гэвэл маш их нууц баримтуудтай орооцолдоно. Энэ асуудлыг хэвлэлийн шоу болгохгүй. 

Хүний эрхийн ноцтой зөрчил Монголд амь бөхтэй байсаар байгааг бид баримттайгаар харсан. Тухайн үед хорих газар гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглох хуулийн заалт яригдаж байсан ч хуулийн байгууллагын удирдлагууд эсэргүүцэж хүчингүй болгож байсан. Үүний цаад шалтгаан одоо илэрч байна.