Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Болормаа: Дүүргийн төсөвт хүүхдүүдийнхээ төлөө хөрөнгө оруулалт тусгасан

А.Намуун, iKon.mn
2019 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: MPA.mn

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг 138 мянга гаруй хүн амтай бөгөөд түүний 40 гаруй мянга нь 0-16 насны хүүхэд багачууд байдаг гэсэн тооцоо бий. Түүнчлэн тус дүүргийн хүүхэд, багачуудын сурч, хөгжих таатай орчинг бүрдүүлэх чиглэлээр 2016-2019 онд дүүргийн төсвийн хөрөнгөөр нийт 14 сургууль, 33 цэцэрлэгт засвар, сургалтын тоног төхөөрөмжийг сайжруулах ажлыг хийж гүйцэтгээд байгаа юм байна.

Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуульд хамрагдалт 100, сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 87 хувьтай байна гэсэн тооцоо мөн гарчээ.

Тэгвэл Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй "Иргэн төвтэй дүүрэг" аяны хүрээнд “Хүүхэд хөгжил-хамгаалал" чуулганыг өнөөдөр Монголын хүүхдийн ордонд зохион байгууллаа.

Энэхүү чуулган нь хүүхэд, багачуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг хамтдаа шийдвэрлэх, арга замыг тодорхойлох, хүүхдийн эрх, хөгжил, хамгаалалд нийгэмд үүрэг хүлээж буй хүн бүрийн санаа, бодлыг тусгах зорилготойг зохион байгуулагчид онцолсон юм.

Тус анхдугаар чуулганд дүүргийн төрийн болон төрийн бус ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн 18 мянга гаруй хүүхдээс сурлага, урлаг, спортын салбарт хамт олноо манлайлсан 500 хүүхэд болон хүүхэдтэй ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын шийдвэр гаргах түвшний хүмүүс оролцож, “Хүүхэд хөгжил-хамгаалал”-ын чиглэлээр хийж хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаагаа танилцуулсан юм.

Мөн чуулганд оролцогчид чуулганы эцэст хамтран уриалга гаргаж, холбогдох байгууллага бүр бодлогын баримт бичигтээ тусган ажиллах юм.

 
Гэрэл зургийг: MPA.mn

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа "Энэхүү анх удаа зохион байгуулагдаж буй чуулганаар дамжуулан бид хүүхдийн юу хүсэж, мөрөөдөж, боддогийг сонсож, тэдний хүсэл саналыг дараа дараачийн ажилдаа тусгаж, дэмжих зорилготойгоор зохион байгуулж байгаа юм.

Бидний зүгээс нийгмийн өмнө тулгамдаад буй хүүхэд хамгааллын чиглэлийн асуудалтай холбогдуулан хүүхдийг эрх үүргээ ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэхэд нийгмийн бүх шатныхны оролцоог ханган ажиллаж байна.

Тухайлбал, өнгөрсөн онд хүүхэд хамгааллын чиглэлээр ирсэн 333 дуудлага мэдээлэлд 1-20 дугаар хорооны хамтарсан баг ажиллаж, 80 гаруй хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлсэн. Цаашид ч мөн хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй тус баг, хамт олны үйл ажиллагааг идэвхжүүлж, дэмжлэг үзүүлэх зорилгоор дүүргийн төсөвт тодорхой хэмжээний хөрөнгийг суулгаж чадсан нь хүүхдүүдийнхээ төлөө хийж буй хөрөнгө оруулалт юм.

Мөн "Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран дүүргийн 16,17-р хорооны эмзэг бүлгийн, хөгжлийн бэрхшээлтэй 150 хүүхдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, эрүүлжүүлэх үйл ажиллагаанд хамруулаад байна.

Үүнээс гадна дүүргийн хүүхэд багачуудын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хэд хэдэн аяныг өрнүүлж, эрүүл мэндийн байгууллагын үзлэг оношилгоонд хамруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлээд байна" хэмээлээ.