Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Францын мах хүнсэнд хэрэглэхийг эсэргүүцэгчид анх удаа шийтгүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Францын хойд хэсгийн Лилль хотын шүүх өчигдөр махыг хүнсэнд хэрэглэхийн эсрэг тэмцэгч хоёр иргэнд хорих шийтгэл оноосон нь тус улсын түүхэнд анхны тохиолдол болжээ.

Тус бүр 10 болон 6 сарын хорих ял сонссон иргэд 2018 оны арваннэгдүгээр сараас 2019 оны хоёрдугаар сарын хооронд махны дэлгүүр, махаар үйлчилдэг ресторан зэрэг бизнесийн байгууллагууд руу довтолж, эд хөрөнгийг нь эвдэж сүйтгэж байсан юм.

23 настай Сирил, 29 настай Матилда нар өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй ч махыг хүнсэнд хэрэглэхийн эсрэг тэмцлээ ийм экстремист аргаар хэрэгжүүлж байжээ.

Францын хуулиар хоёр хүрэхгүй жилийн хорих ялыг нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх замаар орлуулж болдог тул тэд шоронд хоригдохгүй бололтой.

Сирил, Матилда нар хүнийг бүх амьд амьтнаас дээгүүр тавьж, амьтдын махыг хүнсэнд хэрэглэхийн эсрэг үзэлтэй бүлгийн гишүүд ажээ. Шүүхээс тэдний бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлыг төлүүлэх шийтгэлийг бас оноосон байна.

Тэмцэгчид махны дэлгүүр, ресторан зэрэг газруудын цонхыг хагалах, гал тавих, цусны өнгөтэй будаг байр руу нь цацах, ханан дээр нь “алуурчид”, “мах идэхээ зогсоо” гэх зэрэг үг бичиж тэмцдэг байжээ.

Сүүлийн жилүүдэд Франц улсад махыг хүнсэнд хэрэглэхээс татгалзах, эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах хөдөлгөөний үйл ажиллагаа нэмэгдэх болсон. Гэвч 18,000 орчим гишүүнтэй тус улсын махны наймаачдын холбоо махыг хүнсэнд хэрэглэх нь ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдсэн Францын уламжлалт соёл болохыг сурталчилж, хариу тэмцэл хийж байна.

 

Эх сурвалж: AFP