Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Тахилтын замд 15 настай хүүхэд машин жолоодож яваад онхолджээ!

С.Бадрал, iKon.mn
2019 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2019 оны дөрөвдүгээр сарын 6-7-ны амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас нийслэлд 2 хүн, орон нутагт 3 хүний амь нас хохирч, 12 хүн гэмтэж бэртжээ.

Тухайлбал:

  • 2019.04.07-ны өдрийн 16:00 цагийн орчим СХД-ийн нутаг Хүй 7 худгийн замд H.Sonata маркийн автомашин онхолдож зорчигч 58, 55 настай 2 хүний амь нас хохирсон,
  • 2019.04.06-ны өдрийн 13:00 цагийн орчим Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг, “Шатан” гэх газар шороон замд T.Passo маркийн автомашин нь Чансаа маркийн улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж мотоциклийн жолооч 57 настай О-н амь нас хохирч, 10 настай Г гэмтсэн,
  • СХД-ийн нутаг Тахилтын зам, нэгдүгээр автобусны буудлын замд T.Platz маркийн автомашиныг жолоодох эрхгүй, 15 настай Д жолоодож яваад онхолдож, жолооч зорчигч нарын 15 настай 2 хүүхэд гэмтсэн байна.

Хүний амь нас хохирсон гэмт хэргийн 60 орчим хувь нь онхолдох хэлбэрээр гарч байгаа бөгөөд энэ нь Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, Анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсон, Хурд хэтрүүлсэнээс шалтгаалж байна. 

Энэ 7 хоногт бүртгэгдсэн нийт ослын 6 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 17 осол нь мөргөлдөх хэлбэрээр, үл хөдлөх зүйл мөргөсөн 5, онхолдох хэлбэрээр 2 осол бүртгэгдсэн.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 103 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Хяналт шалгалтын үеэр Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч П.Цэрэндорж нь T.Estima маркийн автомашиныг зогсоож шалгахад жолооч А нь мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсныг илрүүлж харьяа цагдаагийн хэлтэст шилжүүлэн шалгаж байна. 

Тээврийн цагдаагийн албанд 2019 оны нэгдүгээр улиралд 17,225 зам тээврийн ослын шинжтэй дуудлага, мэдээлэл хүлээн авснаас 64.15 зам тээврийн осол бүртгэгдсэн. Бүртгэгдсэн ослын 5,688 буюу 88.6% нь Улаанбаатар хотод, 727 буюу 11.4% нь орон нутагт бүртгэгджээ. 

Эхний улиралд улсын хэмжээнд 328 гэмт хэрэг гарч, 96 хүний амь нас хохирч, 263 хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 12.7%-аар, нас барсан хүн 10.3%-аар, гэмтсэн хүн 38.4%-аар тус тус өсжээ.

Улаанбаатар хотод гэмт хэрэг 29.6%-аар өссөн үзүүлэлттэй байна.

 


Эх сурвалж: Тээврийн Цагдаагийн Алба