Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Мьянмарын ойролцоох аралд Бангладеш улс цэргээ оруулжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Бангладеш улс өчигдөр буюу Ням гарагт Мьянмарын эргийн ойролцоо байдаг жижиг аралд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд анх удаа хил хамгаалалтын цэргээ оруулжээ.

Гэгээн Мартиний арал нь Бенгалын булангийн жижиг арал бөгөөд Бангладеш улсын харьяанд байдаг. Гэвч сүүлийн үед энэхүү арал нь хоёр орны хооронд дипломат маргаан үүсгээд байгаа.

 

Бангладешийн хил хамгаалах газар өвч зэвсэглэсэн олон арван цэрэг Гэгээн Мартиний аралд бууж байгаа гэрэл зургийг өчигдөр тараажээ.

Хоёр сарын өмнө Мьянмар улс уг арлыг өөрийн газар нутагт оруулсан газрын зураг хэвлэн гаргасан бөгөөд энэ үеэр Бангладешийн гадаад хэргийн яам Мьянмарын элчин сайдад эсэргүүцлийн нот бичиг гардуулж байв.

Өнгөрсөн оны аравдугаар сард Мьянмарын засгийн газрын вэбсайт мөн арлыг өөрийн газар нутаг мэтээр дүрслэн үзүүлснийг Бангладешийн тал эсэргүүцэж байжээ.

Тиймээс Бангладеш улс өөрийн захиргааны аралд цэрэг оруулж, хамгаалуулахаар болсон бололтой.

Бангладешийн тал энэхүү ажиллагаагаа байнга явуулдаг хил хамгаалах арга хэмжээ гэж мэдэгдсэн байна. Гэхдээ 1997 оноос хойш Гэгээн Мартиний аралд Бангладешийн цэрэг ганц ч удаа хөл тавиагүй нь өөр шалтгаантайг харуулж байгаа юм.

Мьянмар улсын арми Рохинжа муслим цөөнхийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш хоёр хөршийн харилцаа муудаж эхэлсэн юм.

2017 оны наймдугаар сараас хойш 740,000 орчим Рохинжа угсаатан Бангладешийн нутагт дүрвэж ирснээр хилийн ойролцоо дэлхийн хамгийн том дүрвэгсдийн хуаран бий болсон юм.

Бангладеш улсын хүн ам Исламын шашин голлон шүтдэг бөгөөд ижил шашинтай Рохинжа иргэдийн эсрэг явуулж буй Мьянмарын засгийн газрыг бодлогыг байнга шүүмжилдэг. Рохинжа хүмүүс нь Бангладешийн зүүн өмнөд хил дагуу амьдардаг хүмүүстэй хэл, соёлын талаар адил төстэйд тооцогддог байна.

 

Эх сурвалж: AFP