Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын оюуны спортынхон оюунаараа уралдлаа

ikon.mn
2019 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын тамирчид ой тогтоолтын спортоор дэлхийд тэргүүлдэг билээ. Монголын оюун ухааны академи 2010 онд байгуулагдсан цагаас хойш өөрсдийн бэлтгэсэн баг тамирчдаараа олон улсын чанартай тэмцээнд удаа дараалан оролцож, нийт 39 олон улсын цолтой тамирчдыг төрүүлж, 871 медаль, 76 цом хүртэн, дэлхийн 30 дээд амжилт, Гиннесийн гурван дээд амжилтыг эзэмшиж улс орныхоо нэрийг дэлхий дахинд өндөрт өргөж яваа юм.   

Тэгвэл Монголын Оюун ухааны академиас санаачлан "Ой тогтоолын улсын аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн"-ийг өнгөрсөн 5-6-ны өдрүүдэд ес дэх жилдээ амжилттай зохион байгуулаад байна.

Энэ удаагийн тэмцээнд Олон улсын мастер 9, Их мастер 3, Олон улсын их мастер 4 буюу нийт 16 Олон улсын цолтой тамирчид оролцсон бөгөөд Гиннесийн дээд амжилт эзэмшдэг эгч дүү ихэр тамирчид болох ОУИХ Н.Мөнхшүр, Н.Энхшүр, Өсвөрийн дэлхийн аварга, ОУИМ Э.Лхагвадулам, ОУИМ Э.Пүрэвжав тэргүүтэй 108 тамирчид оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртэж шилдэг тамирчдаа шалгарууллаа. 

 

Түүнчлэн тэмцээний шагнал гардуулах үеэр Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан оролцон баг тамирчдад амжилт хүсэж, үг хэлсэн юм.

Тэрбээр "Монголчууд оюуны спортоор дэлхийд гайхагддаг. Оюун ухааны спорт нь хүн уураг тархиа хөгжүүлж, ухаан бодлоо бүрэн цэгцлэх боломжийг олгодгоороо онцлогтой. Энэ спортыг сонирхож хичээллэх хүүхэд багачуудын тоо өдөр ирэх тутам нэмэгдэх болсон. Хотын удирдлагын зүгээс оюуны спортыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, сургууль цэцэрлэг бүрт хичээллэх бололцоог нь бүрдүүлэх талаар бид анхаарч ажиллана” хэмээжээ.

 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс