Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн анхны 5G сүлжээг нэвтрүүлэх өрсөлдөөнд Өмнөд Солонгос улс АНУ-ыг ялжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногт харилцаа холбооны шинэ үеийн технологи болох 5G сүлжээг анхлан нэвтрүүлэх өрсөлдөөн Өмнөд Солонгос, АНУ-ын компаниудын хооронд өрнөжээ.

Солонгосын SK Telecom, KT, LG Plus компаниуд уг нь 5G үйлчилгээгээ Баасан гарагт зэрэг нээхээр төлөвлөөд байсан юм. 

АНУ-ын Verizon компани дөрөвдүгээр сарын 11-нд 5G үйлчилгээгээ нээхээр зарлаад байсан тул “дэлхийд анхдагч” нэрийг солонгосчууд хүртэх нь тодорхой болоод байв.

Гэтэл Verizon гэнэтийн шийдвэр гаргаж, шинэ үеийн сүлжээгээ Пүрэв гарагт нээхээр болжээ. Энэ нь Өмнөд Солонгосын компаниудаас өрсөх гэсэн зорилготой байв.

Энэхүү гэнэтийн шийдвэр солонгосчуудыг сандаргаж, Лхагва гарагт Өмнөд Солонгосын Шинжлэх Ухаан , ICT-гийн яаманд шуурхай хуралдаан болсон байна.

Хурлаас Өмнөд Солонгосын компаниудад Лхагва гарагийн орой 23:00 цагт 5G сүлжээгээ “асаах” зөвшөөрөл өгч, АНУ-ын компаниас өрсжээ.

Солонгосын цагаар Пүрэв гарагийн шөнийн 01:00 цагт Verizon компани Чикаго, Миннеаполис хотуудад 5G сүлжээгээ ажиллуулж эхлэх гэж байсан юм.

Ийнхүү солонгосчууд шуурхай арга хэмжээ авсны хүчинд хоёрхон цагийн өмнө сүлжээгээ идэвхжүүлж, дэлхийд анх удаа 5G технологийг нэвтрүүлсэн орон болж чаджээ.

Харин 5G үйлчилгээг Баасан гарагаас албан ёсоор иргэддээ хүргэж эхэлсэн байна. Өчигдөр Өмнөд Солонгосын зах зээлд Samsung компани Galaxy S10 5G загварын гар утсаа борлуулж эхэлсэн нь худалдаанд гарсан дэлхийн анхны 5G технологитой гар утас болж байгаа юм.

 

Эх сурвалж: AFP, Korea Times