Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Норвегийн баялгийн сан сэргээгдэх эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтаа эрс нэмэгдүүллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Нэг их наяд ам.долларын хуримтлалтай, дэлхийн хамгийн том хараат бус баялгийн сан болох Норвегийн газрын тосны сан өчигдөр сэргээгдэх эрчим хүчний салбарт хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх чухал шийдвэр гаргалаа.

Норвегийн засгийн газар хөрөнгийн зах зээлд бүртгэлгүй сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулах зөвшөөрлийг сангийн удирдлагад өгсөн байна.

Хөрөнгийн зах зээлд бүртгэлгүй төслүүд энэ салбарын гуравны хоёроос дээш хувийг эзэлдэг. Өмнө нь Ослогийн эрх баригчид ийм хөрөнгө оруулалтыг эрсдэл өндөртэй хэмээн үзэж хориглодог байв.

Ингэснээр ногоон төслүүдэд оруулах сангийн хөрөнгө оруулалтын хэмжээ хоёр дахин нэмэгдэж $14 тэрбумд хүрч байна.

Норвегийн баялгийн сан өөрөө тус улсын газрын тосны орлого дээр бий болсон. Гэвч ирээдүйд ногоон эрчим хүчний үйлдвэрлэл давамгайлна гэдэгт Норвегийн засгийн газар итгэлтэй байгааг энэ шийдвэр харуулж байна.

Өнгөрсөн гуравдугаар сард тус сан газрын тос, байгалийн хийн 134 компанид хийсэн $8 тэрбум орчмын хөрөнгө оруулалтаасаа татгалзах гэж байгааг зарласан юм.

Норвеги улсын эрх баригчид өчигдөр бас нүүрсний салбарын хөрөнгө оруулалтаа багасгах шийдвэрээ зарлажээ. Тус улсын баялгийн сангийн нүүрсний салбар дахь эзэмшил 20 сая тонны нөөцөөс хэтрэхгүй байх шинэ хязгаар тавигдсан байна.

Ингэснээр Glencore, RWE зэрэг нүүрсний том олборлогчдод оруулсан хөрөнгө оруулалтаа татах шаардлагатай болж байгаа юм.

2015 онд Норвегийн сан нийт $6.5 тэрбумын дүнтэй нүүрсний салбарын компаниуд дахь хувь эзэмшлээ зарж байжээ.

Одоо дэлхий даяар нийтдээ $6 их наядын хөрөнгөтэй 1,000 орчим сангууд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэд сүүлийн жилүүдэд нүүрс, газрын тос, байгалийн хийн салбарт оруулсан хөрөнгөө танаж, сэргээгдэх эрчим хүчний салбарт анхаарлаа хандуулж эхлээд байна.

Өнгөрсөн долоо хоногт Саудын Арабын төрийн хөрөнгө оруулалтын сан өөрийн эзэмшдэг газрын тосны компанийн сүүлчийн хувьцааг зарсан юм.

Тус сан Saudi Basic Industries компани дахь $69 тэрбумын эзэмшлээ төрийн өмчит газрын тосны Aramco компанид заржээ.

 

Эх сурвалж: The Guardian