Ардчилсан намаас зохион байгуулсан "УИХ ТАР" тайван жагсаал өглөөний 10:00 цагт Сүхбаатарын талбайд эхлээд байсан билээ.
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Хаврын чуулганы хуралдаан нээсэнтэй холбогдуулан мэдээлэл хийж УИХ-д шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдсэн юм.
Тэгвэл жагсагчид Сүхбаатарын талбайг тойрч жагссаны дараагаар УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий Сайд У.Хүрэлсүхэд шаардлагаа гардуулж өгснөөр жагсаал өндөрлөөд байна.
Ардчилсан намын хэвлэл мэдээллийн албанаас өгч буй мэдээллээр энэ удаагийн жагсаалд 40 орчим мянган хүн оролцжээ.
Монголчууд бидний ардчиллаар олсон ололт амжилтыг үгүйсгэж, эдийн засгийн тулгуур бодлогыг ганхуулж, төрийн институти хоорондын уялдааг зөрчилдүүлж, Үндсэн хууль, эрх зүйн актуудыг дур зоргоороо зөрчиж, явцуу ашиг сонирхол, хоорондын өс хонзон эрх мэдлийн төлөөх тэмцэлдээ ард нийтийг айдас, бухимдлаар хөглөн турхирч, Монгол орныг дарангуйллын зүг хөтлөх санаархал газар авч байгааг Ардчилсан нам эрс эсэргүүцэж байна.
Ардчиллын тулгуур зарчмуудыг уландаа гишгэж буйг үл зөвшөөрч, Ардчилсан Монгол Улс, Ардчилсан Үндсэн хуулийг хамгаалж тэмцэн, хадгалж үлдэх нь Ардчилсан намын үүрэг мөн.
УИХ-ын 2016 оны сонгуулийг гуйвуулж, 60 тэрбумын схемээр төрийн албыг, төлөөллийн ардчиллыг худалдаж авсан өнөөгийн эрх баригчид хуулийг өөрчлөх замаар дарангуйллыг тогтоох эхлэлийг тавилаа.
Энэ хаврын чуулганы хугацаанд эрх баригчдаас удаах асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэж, үлдэж буй бүрэн эрхийн хугацаандаа ард түмний өмнө амласан амлалтаа өчүүхэн ч гэсэн хэрэгжүүлэхийг шаардаж байна.
Ардчилсан үндсэн хуулиар олгогдсон төлөөлөх эрхийг хууль бусаар эдэлж, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах чадамжгүй болж, барьцаалагдсан УИХ өөрөө тарах ёстой гэдэг Ардчилсан намын гишүүдийн байр суурь хэвээр байна.
Бидний шаардлага байр суурийг дэмжиж, дуу хоолойгоо нэгтгэж хамтран тэмцэхийг АРДЧИЛСАН МОНГОЛ УЛСЫН НИЙТ ИРГЭДДЭЭ УРИАЛЖ БАЙНА.
УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ