Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрвөн хөлтэй эртний халимны яс Перугаас олджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Эрт цагт амьдарч байсан дөрвөн хөлтэй халимны сайн хадгалагдсан ясыг Өмнөд Америкийн Перу улсын эргээс холгүй эх газраас олсноо эрдэмтэд зарлажээ.

42.6 сая жилийн өмнө амьдарч байсан энэхүү халим нь хагас усны амьтан байсныг тогтоосон байна. Сарвуутай дөрвөн хөл нь түүнийг хуурай газар дээр явж чаддаг байсныг харуулж байгаа бол сарвууны сарьс нь усанд сэлж чаддагийг баталж байгаа юм.

Мөн үе мөчний хэлбэр бүтэц нь энэ амьтан газар дээр мөлхөх биш, дөрвөн метр урт аварга биеэ даан алхаж чаддаг байсныг харуулж байна.

Лондон хотын Байгалийн Түүхийн  музейн мэргэжилтэн Травис Парк шинэ нээлтийн талаар сэтгэгдлээ ярихдаа “Халим бол эволюцийн үлгэр жишээ болсон амьтан. Тэд туурайтай хөхтөн амьтнаас өнөөдрийн хөх халим болтлоо хувьсаж өөрчлөгдсөн байдаг. Тэд хэрхэн далай тэнгисийг байлдан дагуулсныг харахад маш их сонирхолтой байна” гэжээ.

Өмнө нь бүр эртний, жижиг биетэй халимны үлдэгдэл олдож байсан. Гэхдээ энэ удаагийнх шиг бүрэн бүтнээрээ олдож байгаагүй юм. Тиймээс халимны хувьслыг бүрэн судлахад чухал ач холбогдолтой олдвор болж байна.

Мөн энэ олдворыг нээсэн газар нь сонирхол татаж байгаа юм. Өмнөх олдворууд зөвхөн Энэтхэг, Пакистаны газар нутгаас олддог байжээ. Тиймээс халим хэрхэн Америк болон бусад бүс нутагт ирсэн талаар эрдэмтдийн дунд маргаантай байсан юм.

Учир нь эртний халимнууд усанд удаан аялах чадваргүй байсан гэдэг. Перугаас олдсон халимны яс нь эрт цагт Америк болон Еврази тивүүд хоорондоо өнөөдрийнхөөс илүү ойрхон байсныг харуулж байна. Мөн Атлантын далайн өмнөд хэсгийн баруун зүгт чиглэсэн урсгал халимнуудыг энд хүргэсэн бололтой. Гэхдээ ямар ч нөхцөлд тэр үеийн халим далайн усанд олон хоног аялж чаддаг байсныг дөрвөн хөлт халим баталж байна.

Шинэ олдворын сүүлний хэсгийн зарим үе байхгүй байгаа тул дөрвөн хөлт халим өнөөдрийн халим шиг хүчирхэг сүүлнийхээ тусламжтайгаар цагт 48 км хурдтай аялж чаддаг байсан үгүйг тогтоох боломжгүй байгаа ажээ.

Анхны зөвхөн усанд амьдардаг халимнууд одоогоос 35-41 сая жилийн өмнө бий болж эхэлсэн гэж судлаачид үздэг юм.

 

Эх сурвалж: The Guardian