Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Бельгийн засгийн газар анх удаа колоничлолын үеийн гэмт үйлдэлдээ уучлал гуйлаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Бельги улсын засгийн газар Төв Африкийн орнуудыг колоничолж байх үедээ олон мянган холимог арьстай хүүхдийг эцэг эхээс нь хүчээр салгаж байсан үйлдэлдээ уучлал гуйжээ.

Тус улсын ерөнхий сайд Шарль Мишель өчигдөр Брюссель хотноо болсон парламентын нэгдсэн чуулган дээр албан ёсны мэдэгдлийг уншиж танилцуулсан байна. Энэ үеэр гэмт үйлдлийн хохирогч болсон олон арван хүн парламентын танхимын зочдын суудалд сууж байжээ.

Конго, Бурунди, Руанда улсуудад колонийн дэглэм нь төгсгөл болж байсан 1959-1962 оны үед Бельгийн эрх баригчид цагаан арьстан эрчүүд болон нутгийн хар арьст бүсгүйчүүдийн дундаас төрсөн хүүхдүүдийг эцэг эхээс нь хүчээр салгаж байжээ. Ийм эрлийз хүүхдүүдийг “метис” гэж нэрлэдэг байв.

Салгасан хүүхдүүдийг Католик шашны сүм хийдүүд болон бусад байгууллагуудын халамжинд шилжүүлж байжээ. “Бельгийн Конго, Руанда-Урундид тогтож байсан колоничлолын үеэр метисүүдийг хүчээр салан тусгаарлах бодлого хэрэгжүүлж байсныг миний бие холбооны засгийн газрын нэрийн өмнөөс хүлээн зөвшөөрч байна” гэж ерөнхий сайд Мишель мэдэгдсэн байна.

Тэр цааш нь хэлэхдээ “Холбооны засгийн газрын өмнөөс би Бельгийн колоничлолын үеэр метисүүд болон тэдний эцэг эхэд учруулсан зовлон шаналалынхаа төлөө уучлал гуйж байна” гэжээ.

Бельгийн католик сүм хийдийнхэн 2016 онд энэ явдлын төлөө уучлал гуйж байсан юм. Ингэснээр Бельги улс анх удаа Төв Африкийн орнуудыг колоничолж байх үеийн гэмт үйлдлийнхээ хариуцлагыг албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаа юм.

НҮБ-ын ажлын хэсэг өмнө нь Бельги улсад томилогдон ажиллаад тус улсын эрх баригчдыг колоничлолын үеийн гэм нүгэлдээ уучлал гуйх ёстой гэсэн дүгнэлт гаргаж байв.

Бельги улс нь 1800-аад оноос 1960-аад оныг хүртэл Төв Африкийн улсуудыг колоничолж байжээ. Энэ үед Леопольд II хааны зарлигаар колонийн газар нутагт каучукын болон бусад эрдэс баялгийн үйлдвэрлэл явуулж, нутгийн иргэдийг олноор боолчилж байсан юм.

Олон сая нутгийн иргэдийг маш хатуу дэглэмийн дор албадан хөдөлмөрлүүлж, хуваарьт ажлаа дуусгаж чадаагүй боолуудын гар хөлийг тайрч шийтгэдэг байв. Хорьхон жилийн дотор ийм хүнд дарамт мөлжлөгийн дор 10 сая гаруй хүн амиа алдсан гэдэг.

 

Эх сурвалж: CNN