Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Занданшатар: ХЭҮК-ын илтгэлийг УИХ-аар заавал хэлэлцдэг болно

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийж байна.  Чуулганы хуралдаан 62.7 хувийн ирцтэй эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: 

УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Энэ удаагийн чуулган иргэдийн хүсэн хүлээсэн, нийгмийн анхаарлыг татсан олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх гэж байгаагаараа онцлогтой. 

Хэлэлцэх асуудлыг гурван бүлэгт хувааж товч танилцуулъя. 

Нэгдүгээрт, хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудал ил болсон. Энэ нь Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдөж, тогтолцооны гажуудал үүссэнийг илтгэж байна. Ардчилал хүний эрхийг хангах үүргээ төр зохих ёсоор хэрэгжүүлж чадахгүйд хүрлээ.

Иймд хүнлэг бусаар эрүүдэн шүүх, доромжлон харилцахыг үндсээр нь устгахын төлөө Монгол Улсын Их Хурал хатуу тэмцэх болно. Ийм ч учраас бид хэдхэн хоногийн өмнө хууль эрх зүйн хяналтын орчныг бүрдүүлсэн. Шүүгчийн эрх зүйн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, цөөн хэдэн хүний үзэмжээр шийдэх зорилго огт агуулгаагүй гэдгийг онцлон тэмдэглэж байна. 

 

Эрүүдэн шүүхээс ангид байх эрхийн хэрэгжилтэд УИХ онцгой анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзэж байна. ХЭҮК-оос жил бүр хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг УИХ-д өргөн мэдүүлдэг ч холбогдох дэд хороо, байнгын хороогоор хэлэлцээд чиглэл өгсөн, тогтоол гаргасан төдийгөөр өнгөрдөг байсныг давтахгүй, илүү ажил хэрэгч болгоно.

Энэ хаврын чуулганаас эхлээд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын тухай илтгэлийг Эрүүгийн хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаарх УЕП-ын мэдээлэлтэй зэрэгцүүлэн, мэтгэлзэх зарчмаар нухацтай хэлэлцэж, холбогдох байнгын хороо төдийгүй, УИХ-ын чуулганаар заавал хэлэлцдэг болгож байна.   

Мөн УИХ-ыг хяналттай, хариуцлагатай, Засгийн газрыг тогтвортой, шүүх эрх мэдлийг хараат бус болгох зорилгоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрлөлтийг хийх зайлшгүй шаардлагатай болсон байна. Ард иргэдийн хүсэн хүлээж байгаа олон асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд тусгасан байгаа. Иймээс суурьтай хандаж, олон жилийн оролцоотой боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг бүх талаас нь сайтар нягтлан, хэлэлцэн батлахад онцгой анхаарч ажиллахыг та бүхнээсээ хүсье. 

 

Гуравдугаарт, хуулийн хугацаатай хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн баталдаг бодлогын чухал баримт бичгүүд биднийг хүлээж байна. Тухайлбал, ирэх гурван жилд баримтлах төсвийн бодлогоо тодорхойлж, улс орны эдийн засаг, нийгмийг 2020 онд хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах ёстой. 

УИХ-ын хурал улс орны эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан 29 асуудал 0-40 хувийн биелэлттэй, нийт 136 арга хэмжээний биелэлт 76.7 хувьтай байгааг дурдсан байна. 

Хаврын чуулганаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэх болно” гэлээ.