Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

С.Эрдэнэ: ҮАБЗ-ийн гурван хүнд УИХ-ын эрх мэдэл шилжчихлээ

Б.Амартүвшин, Өдрийн сонин
2019 оны 4 сарын 5
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.

-УИХ гишүүдийнхээ барьцаанд оржээ. Саяын баталсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл үүнийг баталлаа Сэж ярьж байна. Энэ тухай?

-Би энэ хуулийг хэлэлцэхэд хамгийн идэвхтэй эсрэг байр суурийг илэрхийлж байсан шүү дээ. Манай нам өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хийсэн их хурлаараа үзэл баримтлалаа баталсан. Энэ үзэл баримтлалын гол зарчим нь хуулийн засаглал, хувь хүний эрх чөлөө, хувийн өмчийг дээдэлсэн баруун төвийн үзэл баримтлал бүхий нам байна гэж зарласан.

Батлагдсан үнэт зүйлийнхээ төлөө намын даргын хувьд би тэмцэхгүй бол өөр хэн тэмцэх юм. Тиймээс УИХ-аас гарч буй удаа дараагийн хууль бус үйлдлүүд дээр би үгээ хэлж ирсэн. Сая гэхэд хамгийн сүүлд батлагдсан хууль дээр аймшгийг бий болгох замаар, нийгэм, УИХ-ын гишүүдэд айдас бий болгож, уг хуулийг баталчихлаа шүүдээ. 
Эрүүдэн шүүсэн гэх тэр бичлэгийг үзээд би бодит үнэнийг л хэлсэн.

Эрүүдэн шүүсэн гэх энэ асуудал гэнэт гараад ирсэн юм биш. Социализмын үед 70-80 жил эрүүдэн шүүж ирсэн коммунизмын сонгодог арга барил байхгүй юу. Хэдэн арван мянгаар нь эрүүдэж, шүүж, буудаж, цаазалж Монголыг байхгүй болгоо биз дээ, коммунистууд. Тэгснээ гэнэт огт үзээгүй юм гараад ирчихсэн юм шиг олон юм ярьцгаагаад. Хэдэн мянган ээж, эмэгтэйчүүд, жирэмсэн ээжүүдийг хүртэл буудаж хороогоо биз дээ. 

Өчнөөн жил, сараар гянданд хорьж, эрүүдэн шүүж, дүүжилж хороогоо биз дээ. Коммунистууд ийм зэрлэг, бүдүүлэг арга барилтай байсан. Тэгчихээд өнөөдөр юуг нь гайхаад байгаа юм. Эрүүдэн шүүхийг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Ардчилсан Монгол Улсад байж болохгүй асуудал. Гэтэл ардчилсан Монголын 30 жилийн түүхэнд энэ асуудал байсан л байгаа байхгүй юу.

Ардчилсан Монгол гэж бид яриад байгаа боловч энэ 29 жилийн түүхийн 22-д нь өнөөгийн коммунистууд засаглалаа тогтоолоо шүү дээ. АН 1996, 2012 онуудад хагас засагласан. Хэзээ ч дангаараа засаглаж үзээгүй. Энэ эрүүдэн шүүж, тамлан зовоож, хувь хүний эрх чөлөөг зөрчиж байгаа асуудлыг коммунистууд л хийдэг. Өчнөөн хүн золгүй байдлаар амь насаа алдаж байна.

Батлагдсан үнэт зүйлийнхээ төлөө намын даргын хувьд би тэмцэхгүй бол өөр хэн тэмцэх юм.

Урьдчилан хорих төвд шүүгч нас барлаа. Дахиад урьдчилан хорих төвд хүн нас барсан мэдээлэл гарч байна. Батлан хамгаалах яаманд гэхэд дахиад л хүн үхсэн сураг дуулдаж байна. Хэн хариуцлага хүлээж байгаа юм. Хэн ч хүлээхгүй байна. Хамгийн ноцтой нь гурван шатны шүүхээр гэм буруутай гэдэг нь нотлогдоод ялаа авчихсан этгээдүүдээс Хууль зүйн сайд нь уучлалт гуйгаад л, эмнэлэгт хэвтүүлээд л. 

Яагаад ингэж үйлчлээд гүйгээд байгаа юм. Шорон гянданд хилсээр хүртэл хэлмэгдчихсэн өчнөөн хүн байгаа шүү дээ. Тэдэн рүү яагаад тэр Хууль зүйн сайд гүйхгүй байгаа юм. Энэ хэрэгт яагаад ингэж ач холбогдол өгч, үхэн хатан гүйгээд байгаа юм. Үүнийг өөр зорилготой гэж би харж байгаа. Тэд С.Зоригийн аллагын захиалагч илэрчих вий гэдгээс үхтэлээ айж байгаа байхгүй юу.

Одоо энэ хэргийг яг угаах гэж байна. Одоо эд нар ямар нэгэн байдлаар шүүх хяналтын байгууллагын шийдвэрийг цуцлуулж, тэр нөхдүүдийг суллаж, энэ хэрэгт дахиад эхнээс нь мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлнэ. Энэ хооронд нотлох баримтууд нь устаж алга болно. “Дахиад энэ хэрэг эзэнгүй өчнөөн жил явна. Энэ хэргээр баахан улс төр хийнэ. Энэ бол зүгээр л бичигдчихсэн кино харагдаж байна.

Үүнийг Ц.Нямдорж гэх Хууль зүйн сайд л хийж байгаа юм. Энэ хүн Хууль зүйн сайдаар хэдэн удаа сонгогдсон бэ. Энэ хүн өөрийнхөө хариуцсан салбарын ажлыг сайжруулах талаар юу хийсэн юм. Эрүүдэн шүүх, тамлан зовоох энэ бүх үйл ажиллагааг тэр хүн мэдээгүй гэвэл хэн итгэх юм. Хэн ч итгэхгүй.

-Таны хувьд С.Зоригийн хэргийг үнэн зөв илэрсэн гэж үздэг үү?

-Бид өнөөдөр хууль, шүүхдээ итгэхгүй юм бол өөр хэнд итгэх юм. Би өөрөө хуулийн засаглалыг дээдэлнэ гэж үзэл баримтлалдаа оруулчихсан намын дарга шүү дээ. Энэ улс хуульгүй, шүүхгүй болчихвол үнэн хаана байх юм. 

-Саяын хууль батлагдсанаар ҮАБЗ Үндсэн хуульд халдаж байна гэж байна л даа. Үнэхээр шүүх эрх мэдэл, Үндсэн хууль руугаа халдаад байх юм бол цаашдаа дарангуйлал тогтож магадгүй. Энэ тухай?

-Үндсэндээ ҮАБЗ-ийн гурван хүнд УИХ-ын эрх мэдэл шилжчихлээ. Парламентын засаглалтай улс шүү дээ. Их хурлын 76 гишүүн хууль санаачилж, баталж, хяналт тавьдаг чиг үүрэгтэй. Гэтэл өнөөдөр засаглал, эрх мэдлийн хуваарилалтыг Үндсэн хуулийн бус аргаар Үндсэн хуулийн бус хэлбэрт шилжүүлчихлээ.

ҮАБЗ чинь Үндсэн хуулийн бус байгууллага. Төрийн эрх мэдлийн хуваарилалтад ордог институц биш байхгүй юу. Хууль тогтоох, гүйцэтгэх, төрийн тэргүүн гэсэн төрийн гурван өндөрлөгийн хоорондын уялдаа холбоог хангаж байх үүрэгтэй зөвшилцлийн байгууллага бол ҮАБЗ. УИХ хараат болсноор Үндсэн хуулиар хамгаалагдсан хууль, шүүхийн засаглалын хараат бус байдал алдагдчихлаа шүү дээ.

-Энэ нөхцөл байдалд Үндсэн хууль өөрчлөх асуудал хаврын чуулганаар орж ирэх байх. Сөрөг хүчний зүгээс энэ талаар юу гэж бодож байна. Тогтолцоог өөрчилнө гэж яриад байгаа шүү дээ?

-Ийм эрх зүйн чадамжгүй их хурал Үндсэн хуульд гар хүрч болохгүй. Гар хүрэх эрх ч байхгүй. Юун өөрчлөлт оруулах. Энэ их хурал тарах ёстой. Энэ их хурлын 51 гишүүн ЖДҮ гэх хулгайд их бага хэмжээгээр орооцолдчихжээ. Эрх мэдэл албан тушаалаа ашиглавал өчнөөн жилийн ял авах гэмт хэрэг. Зөрчлийн хуулиар зохицуулагдахгүй. Шууд Эрүүгийн хуулиар зохицуулагддаг асуудал.

Өөрсдийгөө өмгөөлөхдөө ЖДҮ бол жижиг хулгай гэнэ. Хулгай л бол хулгай. Жижиг том гэж байдаггүй. Том хулгай илрүүлэх гэж байгаа юм чинь жижиг хулгай хийсэн ч яадаг юм гэнэ үү. Юу яриад байгаа юм бэ. Хууль бол хууль. Хуульд хууль бус гэж заачихсан л бол шийтгэлтэй байх ёстой.

-Ажлын хэсгээс Дубайн гэрээг цуцална гэдэг дүгнэлт гарсан гэх мэдээлэл бий. Ингэж хамаагүй халдаж болох уу?

-Би анхнаасаа Оюу толгойн гэрээг батлахын эсрэг байсан цөөхөн гишүүний нэг. 2009 онд Оюу толгойн гэрээг батлах гээд явж байхад нь их хурал дээр удаа дараа асуулга тавьж, эсэргүүцлээ илэрхийлж байсан.

Нэгдүгээрт, техник эдийн засгийн үндэслэл байхгүй. Анхны хөрөнгө оруулалт нь эргэн төлөгдөх хугацаа нь зарлагдаагүй. Бүх юм нь түүхий. Энэ том орд руу яаран сандран орж болж байгаа юм уу. Гэрээний нөхцөл яагаад ийм байгаа вэ гэх мэт асуудлыг тавьдаг байсан. Оюу толгойн асуудлаас болж би тухайн үедээ Эрчим хүчний сайд асан Д.Зоригтыг хоёр удаа огцруулахаар УИХ-д өөрийнхөө бланк дээр санал оруулсан боловч цөөнхийн санал авсан. Тэгж тэмцэж байсан.

Өнөөдөр харин нөхцөл байдлыг арай өөрөөр харах ёстой. Нэгэнт энэ төсөл хөдөлчихсөн. Олон улсын гадны хөрөнгө оруулагчид ороод ирсэн. Энэ уурхайд манай улсын олон мянган иргэд ажиллаж байна. Амьдарч байна. Цалин авч байна. 17 мянга орчим ажлын байр бий болгосон байна. Үүнийг зогсооно гэдэг буруу.

Харин Рио Тинтотой хэлэлцээрт орж, гэрээ ийм алдаатай байна. Бид нарт ийм саналтай байна гэж гэрээнд өөрчлөлт оруулах байдлаар шийдэхийн төлөө явах ёстой. Гэрээг сайжруулахаар Монголын тал явах ёстой. Гэхдээ ийм хааж, булаасан коммунист аргаасаа татгалзах хэрэгтэй.

-Маргааш (өнөөдөр) Сүхбаатарын талбай дээр бүх нийтийн эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулахаар АН-аас зарласан. Энэ жагсаалыг ямар шалтгаанаар зохион байгуулж байгаа вэ?

-Өнгөрсөн гурван жил орчмын хугацаанд өнөөгийн эрх баригчдын үйлдэл, үйл ажиллагаанд АН хүлээцтэй хандаж ирсэн. МАН 2016 онд сонгуульд өрсөлдөхдөө чихэр, бурам шиг гоё амлалтуудыг ард иргэдэд өгч байв. Эрх баригчид үнэмлэхүй олон байсан учраас саад болох улс төрийн хүчин, ямар нэг гадаад дотоодын нөлөөлөл байсангүй. Үндсэн хуульд ч, дангаараа өөрчлөлт оруулах бүрэн эрх нь байсан. Ийм том боломжийг маш сайн ашиглах болов уу гэж би харж байлаа. Энэ хугацаанд улс орны эдийн засаг тааламжтай нөхцөл байдалд байлаа шүү дээ.

Гадаад зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн үнэ маш өндөр байгаа. Өнөөдөр зэс болон бусад уул уурхайн түүхий эдүүдийн үнэ 2012-2016 оны үеэс нэг дахин өссөн. Үүнийг дагаад гадаадаас Монгол Улс руу ирэх мөнгөний урсгал эрс нэмэгдсэн. Түүнчлэн маш их хэмжээний зээл, тусламж, бонд босгох замаар хөрөнгө оруулалтыг маш их хэмжээгээр босголоо шүү дээ. Ойролцоогоор таван тэрбум долларын хөрөнгө босгосон.

Гэхдээ эдгээр мөнгөнүүд эргээд төлөгдөх өр зээл байхгүй юу. 2016 онд 22.4 тэрбум долларын нийт гадаад өртэй Монгол Улсыг хүлээлгэж өгч байсан бол энэ оны эхний улирлын байдлаар гадаад өр 28.4 тэрбум доллар болжээ. Түүнчлэн эрх баригчид бүх төрлийн татварыг нэмсэн.

Гэрээг сайжруулахаар Монголын тал явах ёстой. Гэхдээ ийм хааж, булаасан коммунист аргаасаа татгалзах хэрэгтэй.

Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн газрын төлбөр 10 дахин нэмэгдсэн. Энэ их мөнгө хаашаа ороод байна вэ. Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт болж, нийгмийн зорилтод бүлгүүд рүү очиж чадаж байна уу гэвэл үгүй. Тэтгэвэр, тэтгэмж, цалин нэмэгдсэнгүй. Татвар л нэмэгдээд байна. Сангийн сайд гээд нэг мундаг худалч нөхөр байгаа шүү дээ. Тэр нөхөр гадаад өр дарж байгаа, АН-ынхны өрийг дарж байна гэж ярьдаг.

Яс юман дээрээ өнгөрсөн парламентад АН 2.4 тэрбум ам.долларын бонд босгосон байдаг. Энэ мөнгөөр АН маш их бүтээн байгуулалт хийсэн.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд эрх баригчдын хийсэн бүтээн байгуулалт гэж байхгүй. Маш олон худлаа амлалтууд өгсөн. Тухайлбал, хүүхдийн мөнгийг ялгаваргүйгээр олгоно, оюутны 70 мянгыг үргэлжлүүлж олгоно, өрийг өрөөр дарахгүй, өр нэмэгдүүлэхгүй гээд л дурдаад байвал маш олон амлалтууд нь худлаа байсан.

МАН-ын 2016 оны амлалтууд тэр чигээрээ эсрэгээрээ болсон. Үүнээс харахад эрх баригчид худал амлаж, хууран мэхлэх замаар төрийн эрхийг авсан байна. Хоёрдугаарт, 60 тэрбумын схемээр төрийн эрхийг худалдаж авсан. Ерөнхий сайд нь хүртэл үүнийг хүлээн зөвшөөрчихөөд байгаа. Монгол төрийн эрхийг хууль бусаар авсан нөхөд засаглаад сууж байна.

Гуравдугаарт, ЖДҮХС-гаас эрх мэдлээ ашиглан ард иргэдийн боломжийг хэдэн тэрбумаар нь булаагаад авчихсан асуудал. ЖДҮ-д одоо 51 хүн холбогдчихоод байна. Ийм нөхцөл байдалд байгаа энэ УИХ тарвал яасан юм бэ. Манай намд лав энэ УИХ-ыг хууль батлаад, улс орныг авч явж чадна гэсэн итгэл байхгүй. Бид маргааш (өнөөдрийн) жагсаалаар эдгээр бүх үндэслэлүүдийг гарган тавьж, УИХ-д тар гэсэн шаардлагыг л тавина.

-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр АН-ын даргад УИХ-ын дэд дарга Я.Санжмятавыг зүтгүүлнэ гэх мэдээлэл гарсан байна. Үүнд та тайлбар өгөхгүй юу?

-Манай намын дүрмээр тийм боломж байхгүй. Мянган их хурал хуралдаад, мянган үндэсний бодлогын хороо хуралдаад ч нэмэргүй. Хуучин Үндэсний зөвлөлдөх хороо хуралдах болгондоо намын даргын асуудал яригддаг байсан. Одоо манай дүрмээр зөвхөн ээлжит сонгуульд олонх болж чадаагүй тохиолдолд ажлаа өгнө.

Нэг бол нас барсан буюу өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд намын даргыг өөрчилнө. Манай нам өмнө нь даргын асуудал байнга ярьж, энд тэндээс чулуу шиддэг байсан. Энэ нь тогтвортой байдлыг хангадаггүй. Тиймээс шинэ дүрмээ батлахдаа ийм заалттай болгосон. Энэ мэдээлэл зүгээр л энд тэндээс шидэж байгаа чулуу л байх.

Зураг