Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Этиопын онгоцны ослыг шалгасан эхний дүгнэлтээр Боинг компани буруудаж байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Гуравдугаар сарын 10-ны өдөр Этиопын нийслэлээс хөөрөөд удалгүй осолдсон Boeing 737 Max нисэх онгоцыг шалгасан мэргэжилтнүүдийн эхний дүгнэлтийг өчигдөр танилцуулжээ.

Этиопын зам тээврийн сайд Дагмавит Могес “нисгэгчид үйлдвэрлэгчээс гаргаж өгсөн зааврын дагуу бүх үйлдлийг зөв гүйцэтгэсэн боловч онгоцны жолоодлогыг хяналтаасаа алдсан байна” гэж хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн юм.

Тиймээс ослын шалтгаан нь хүний буруу үйл ажиллагаатай холбоогүй, харин Боинг компанийн технологийн алдаа доголдлоос болсон гэж ерөнхийд нь дүгнэжээ.

Аддис Абаба хотоос хөөрөөд зургаан минутын дараа онгоц осолдсон. Онгоц тодорхойгүй шалтгаанаар дахин дахин доош чиглэн шумбаж байсныг нисгэгчид зогсоохын тулд Боингоос гаргасан зааврын дагуу ажилласан ч үр дүнд хүрээгүй байна.

Боингийн MCAS (Maneuvering Characteristics Augmentation System) нэртэй компьютерын систем нь онгоц агаарын хүчтэй урсгалтай тулгарч хүч алдах үед автоматаар нислэгийг газар руу чиглүүлж, агаарын эсэргүүцлийг сарниулдаг юм.

Агаарын урсгалын хүчийг хэмжиж MCAS системд мэдээлэх үүрэгтэй мэдрэгчүүд алдаатай ажилласнаас ийм үр дүнд хүргэсэн гэсэн таамаг мэргэжилтнүүдийн дунд байгаа.

Өчигдөр танилцуулсан дүгнэлтэд “Онцгой тохиолдолд авах арга хэмжээг нисгэгчид ном журмын дагуу гүйцэтгэж, хичээн ажилласан ч тэд нисэх онгоцны уруудах хөдөлгөөнийг зогсоож дийлээгүй байна” гэж тайлбарлажээ.

Тиймээс Боинг компани өөрийн техник технологийн найдвартай ажиллагааг шалгах хэрэгтэй байгааг дүгнэлтэд өгүүлсэн байна.

Өнгөрсөн Лхагва гарагт Боинг компани MCAS системийнхээ програмын шинэ хувилбарыг амжилттай туршиж дууссанаа мэдээлсэн юм.

Тус компанийн гүйцэтгэх захирал Дэннис Муйленбург шинэ програмын хувилбар суурилагдсан 737 Max онгоцоор туршилтын нислэг үйлдэхэд биечлэн оролцсоныг бас мэдээлжээ.

Этиопт осолдсон Boeing 737 Max нисэх онгоцны шалгалтын иж бүрэн тайлан энэ онд багтаж гарах юм байна.

 

Эх сурвалж: Business Insider