Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Мандухай: Эмгэгтэй хүн л сэтгэл зүйн зөвлөгөө авдаг гэсэн ойлголтыг эвдэж буй нь сайн хэрэг

О.Булган, iKon.mn
2019 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: MPA.mn

Аливаа улс орны хөгжил, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч бол тухайн улсын ард иргэд байдаг. Тэгвэл нийгэм болоод хувь хүний сэтгэл санаа, сэтгэл зүй хэдий чинээ уур бухимдал, стресс багатай байна төдий чинээ тухайн улсын нийгэм эрүүл, таатай байна гэсэн үг.

Сэтгэл судлалын салбар дэлхийн ихэнх улсад хангалттай хэмжээнд хөгжиж, хувь хүн болоод байгууллагын аж байдал, амьдралд томоохон өөрчлөлт үзүүлсээр ирсэн салбар гэж хэлж болно. Манай улсад ч мөн сүүлийн жилүүдэд энэ салбар хөгжиж, төрийн болоод хувийн хэвшлийн үйлчилгээ үзүүлдэг олон төв, эмнэлгүүд нээгдэж буй нь сайшаалтай юм.

Тэгвэл өнөөдөр тус салбар хөгжиж, сэтгэл судлалын чиглэлийн үйлчилгээ, зөвлөгөөний хэрэгцээ шаардлага нэмэгдэж буйг илэрхийлэх нэгэн сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Тодруулбал, Сэтгэл судлалын үндэсний төв, "Эн Пи Си энд Мандал" ХХК нар хамтран Монголд анх удаа "Сэтгэл зүйн удирдлага 2019" үзэсгэлэн, форумыг "Туушин" зочид буудалд зохион байгуулж байна.

Сүүлийн жилүүдэд сэтгэл зүйн үйлчилгээ авахаар хандаж буй хувь хүн болон байгууллагын тоо нэмэгдсэн
 
Гэрэл зургийг: MPA.mn

Тус форумын талаар "Эн Пи Си энд Мандал" ХХК-ийн сэтгэл зүйч Б. Мандухай "Сүүлийн жилүүдэд манай улсын сэтгэл зүйн салбарт үйлчилгээ авахаар хандаж буй хувь хүн болоод байгууллагын эрэлт хэрэгцээ нэмэгдсэн гэж хэлж болно. Энэ нь өмнө байсан сэтгэл зүйн эмгэгтэй хүн л сэтгэл зүйн зөвлөгөө авахаар ханддаг гэсэн ойлголтыг эвдэж буй нь сайн хэрэг юм.

Энэхүү форум нь хоёр хэсэгтэй явагдаж байгаа ба эхний хэсэгт хувь хүн болон байгууллагын сэтгэл зүйн салбарт ашиглагдах боломжтой сүүлийн үеийн техник, технологийн боломжуудыг хэрхэн ашиглах боломжтойг танилцуулж буй үзэсгэлэнгийн хэсэг байгаа ба хоёрдугаар хэсэгт дөрвөн төрлийн үндсэн лекцээс бүрдэж буй панел хэлэлцүүлэг давхар явагдаж байна.

Манай компанийн хувьд 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Бид сэтгэл зүйн удирдлагын технологийг байгууллагын хүний нөөцийн хөгжилд нэвтрүүлэх зорилготой, зөвлөх үйлчилгээ явуулдаг компани юм. Бид "Байгууллагын сэтгэл зүйн удирдлага" технологийг нэвтрүүлснээс хойш зургаан жилийн хугацаанд нийт 60 гаруй байгууллагын 7,000 орчим ажилтан болон удирдлагад сэтгэл зүйн дасгал ажил, зөвлөгөөний тэмдэглэл, тренингийн судалгааны датанд суурилан хөгжүүлээд буйг онцолмоор байна" хэмээлээ.

Тэгвэл энэхүү форумын нэг хэсэг болох "Сэтгэл зүй амьдралын хэв маягт" сэдэвт эхний панел хэлэлцүүлэгт оролцсон зочдын онцлох эшлэлийг хүргэж байна. Тус салбар хэлэлцүүлэгт сэтгэл зүйн асуудлыг шийдвэрлэхээр тууштай ажиллаж буй салбарын манлайлагчид болох Хүний их эмч С.Дулмаа, "Universal" сургалтын төвийн захирал, комедиан Н.Амаржин, Монгол ТВ-ийн хөтлөгч Б.Мандуул нар оролцож, өөрсдийн амьдралын туршлагаасаа хуваалцсан юм.

"Сэтгэл зүй амьдралын хэв маягт" хэлэлцүүлэгт оролцсон зочдын хэлсэн онцлох эшлэлүүд
 
Гэрэл зургийг: MPA.mn

Монгол ТВ-ийн хөтлөгч Б.Мандуул:

"Эрүүл бие, эрүүл сэтгэл зүйн эх үүсвэр сайн нойр юм. Судалгаагаар хүн генийн өөрчлөлтөд ороогүй л бол өдөрт заавалчгүй найман цаг унтах шаардлагатай гэсэн ойлголт байдаг. Тийм учраас хэрэв та генийн өөрчлөлтөд ороогүй л бол ямар ч үед өдөрт заавал найман цаг унтаж байхыг зөвлөж байна."

"Техник технологийн эрин үед амьдарч буй бидний хувьд сэтгэл зүй, бие физиологийн хувьд эрүүл байхын тулд нийгмийн сүлжээ, утас хэрэглээний тал дээр хязгаарлалт хийх шаардлагатай байна. Харин хэрхэн хийх вэ гэдэг нь хувь хүний сонголт юм."

"Хүн өөрт тохирсон аливаа зүйлийг олж мэдсэний дараагаар тохирсон зүйлээ олж хийх нь чухал юм. Түүнээс биш хэн нэгнээр юу хийж, яаж явах аа заалгах нь утгагүй хэрэг. Өөрөөр хэлбэл бусадтай бус өөртэйгөө байнга өрсөлдөж байж өчигдөр байсан өөрийгөө даван дийлэх явдал илүү чухал юм."

Хүний их эмч С.Дулмаа:

"Тухайн өдрийг эхлүүлэхдээ хийх гэж буй ажлаа төлөвлөж, тэмдэглэснээр сэтгэл санааны хувьд тайван байдлыг өгөх нэг арга зам гэж хардаг."

"Хийх ажил, зорилго нь тодорхой байвал хүн өглөө босч чаддаг. Өөрөөр хэлбэл хийх гэж буй ажил, төлөвлөгөөгөө байнга санаж, тодорхой байлгахыг зөвлөж байна."

"Нийгэмд уурлаж, бухимдах сөрөг зүйл хангалттай их байна. Гэвч сөрөг бүхэн бүгд муу муухай гэсэн үг биш юм. Харин энэ нь биднийг урагш дахиад нэг алхаж, илүү их хичээж, зүтгэх хэрэгтэйг сануулж байдаг зүйл юм."