Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын босоо ферм

Барилга.мн
2019 оны 4 сарын 4
Барилга.МН
Зураг зураг

2070 ОНД ДЭЛХИЙН ХҮН АМ 8.6 ТЭРБУМД ХҮРЧ, ХООЛ ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭ 2 ДАХИН НЭМЭГДЭНЭ...

Дэлхий дахинд  хүнс тэжээлийн хэрэгцээ байнга өсөн нэмэгдэж байгаа өнөө үед газар  тариалангийн уламжлалт арга, усны гачигдал болон хөрсний бохирдлын асуудлыг шийдэхэд улам хүндрэлтэй болж байгаа тул эрдэмтэд орон зай, цаг хугацааны хувьд хамгийн төгс шийдэл болох “ХОТЫН БОСОО ФЕРМ”-ИЙН онцгой шийдлийг санал болгох болсон. 

Босоо ферм яагаад хэрэгтэй вэ?

Бид өнөөдөр 30га талбайд 4 сарын хугацаанд дунджаар 900 тн төмсийг тариалан хурааж авдаг гэж бодъё. Харин дэлхийн хөгжингүй, хүн амын нягтрал ихтэй Сингапур, Панам, Ванкувер, Америкийн томоохон хотуудад бага талбайд газар тариалан эрхлэх босоо фермийн 200 гаруй төсөл аль хэдийнээ амжилттай хэрэгжиж эхлээд байгаа бөгөөд 1 га талбайгаас 30 хоногийн дотор ижил хэмжээний ургацыг хураан авах боломжтойг эрдэмтэд нотолсон билээ. Магадгүй уншигч Та хэрхэн, яаж, ямар аргаар ийм богино хугацаанд их хэмжээний ургац  хурааж авах билээ гэж гайхах байх. Тиймээс та бүхэндээ ирээдүйд үр ашгаа өгөх босоо фермийн талаар товч танилцуулахаар бэлтгэлээ.

Хотын босоо ферм гэдэг  нь олон давхар тавцанд босоо чиглэлийн дагуу жимс, хүнсний ногоо тариалдаг барилга юм. Хотын босоо фермийн давхар бүр өөрийн усалгаа, чийгшил, шим тэжээлийн хяналтын системтэй байх бөгөөд ургамал тус бүр ямар хэмжээний, ямар төрлийн шим тэжээл шингээн авч байгааг мэдэрдэг мэдрэгчтэй байна. Мөн хүлэмжийн агаараас дээж авах, вирус бактерийн халдвараас сэргийлэхийн тулд ургамлын эмгэг үүсгэгчийг илрүүлэх ДНХ-ийн чип технологийг ашиглан ургамлын өвчнийг хянах системтэй байх боломжтой юм.

Үржил шимгүй өвлийн улиралд эрүүл цэвэр, органик бүтээгдэхүүний эрэлт өсдөг учир үүний шийдэл нь босоо фермийн тулгуур болох гидропоник технологи билээ.  Гидропоник нь ургамлыг,  усан дахь эрдэс бодисын нэгдлийг ашиглан хөрсгүйгээр ургуулдаг арга юм. Байгаль дээр хөрс нь ургамлыг ургахад шаардлагатай амин чухал шим тэжээлийг цуглуулагч орчин болдог бөгөөд хөрсөнд цугларсан эдгээр шим тэжээлүүд нь усанд ууссанаар, ургамал эдгээр шим тэжээлүүдийг үндсээрээ шингээж авч ургадаг байна.

 

Хөрсөнд ургаж байгаа ургамлын хувьд бактери, мөөгөнцөр, шавьжтай тэмцэх хэрэгтэй болдог учраас фермерүүд хүний эрүүл мэндэд хортой байж болзошгүй мөөгөнцөр устгах бодис болон хортон шавжийн хор хэрэглэдэг. Босоо фермд эдгээр бодисыг хэрэглэдэггүй учир илүү эрүүл, органик хүнсийг хэрэглэх боломж бүрдэж байгаа юм. Үүнээс гадна чийгшил өгөх зорилгоор манангийн систем ашигладаг учраас уламжлалт газар тариалантай харьцуулахад 95 хувь бага ус зарцуулдаг байна. Ургамалаас гарсан хог хаягдлыг  дахин ашиглах зорилгоор босоо фермийн доод давхарт загасны аж ахуй, саарал усыг дахин боловсруулах хэсгүүд ажиллах бөгөөд борооны  усыг цуглуулан гадна талбайд ашиглах боломжтой.

Ургамалд нарны гэрэл хэрэгтэй юу?

Нарны гэрлийн оронд LED гэрлийг ашигладаг бөгөөд босоо ферм ямар ч орчинд зохицон ажиллах чадвартай.

Ургамлын ургах явцад гэрэл хамгийн чухал үүрэгтэй. Энэ нь фотосинтез буюу ургамал нарнаас авсан энергийг химийн бодис болгон биеийн эсдээ хадгалах биохимийн процесс явагддаг. Ингэснээр дараагийн үе шат болох ургамал энергийг зарцуулах шаардлагатай нөхцөлд химийн реакц буюу “respiration-ургах, амьсгалах” гэж нэрлэдэг процесс явагдана. Энэ процессыг нэг үгээр тайлбарлавал CO2+Ус=/гэрэл/=Сахар+Хүчилтөрөгч ялгаруулах процесс юм.

Гэрэлгүй орчинд ургамал ургана гэсэн ойлголт байхгүй бөгөөд нэг талаас гэрэл бол цэвэр хоол нь гэж ойлгож болно.

Хотын босоо фермд нарны гэрэл ашигладаггүй бол ургамал хэрхэн ургах вэ?

Бид хиймлээр нарны гэрлийг үүсгэх боломжтой. Ихэвчлэн хиймэл гэрэл нь хөх, шаравтар өнгөтэй байдаг бол байгалийн гэрлийн спектр буюу цар хүрээ нь улаанаар шар өнгө руу, тэгээд ногоон, цэнхэр, чернил ягаан өнгө рүү шилжсэн байдаг. Иймд эдгээр өнгөний спектртэй хамгийн ойр гэрлийг сонгон ашигладаг юм.

Босоо фермийн давуу тал:

  • Гадна орчноос бүрэн тусгаарлагдсан учир цаг агаарын ямар ч таагүй нөхцөлд ургацаа өгч байна
  • Үйлдвэрлэлийн нэмэлт зардал 30 хувиар буурна
  • LED гэрэлтүүлэг ашигласнаар эрчим хүчний зарцуулалт багасна
  • Фотосинтезийн долгионы аргаар ургацын өсөлтийг хянах ба эрчим хүчний зарцуулалт бага
  • Фермд ургацыг хянах, савлах, хураах үүрэгтэй ажилчид ажиллах бөгөөд бусад үүргийг бүрэн автоматжуулсан байна
  • Уламжлалт тариаланд ашиглагддаг усны 10 хувь нь босоо фермийн усны хэрэгцээг бүрэн хангана 
  • Хортон шавьжгүй
  • Химийн найрлагагүй
  • Тээвэрлэлтийн зардал бага
  • Ургац хураалт өдөр бүр явагдана
  • Орчин тойрны нөхөн сэргээлт хийхэд хялбар
  • Саарал усыг дахин ашиглах, хур тунадасны усыг цуглуулан ашиглах боломжтой
  • Нарны коллектор ашиглах
  • Хог хаягдлаас хэрэгтэй шим тэжээлийг аван дахин боловсруулах
  • Ургац ургах чийгшил, температурын бүрэн автоматжуулалтын системтэй
  • Хот тосгоны газар ашиглалтын шийдэлд эерэгээр нөлөөлөх зэрэг маш олон давуу талтай.

Сүүлийн жилүүдэд манай улсын хөрсний болон агаарын бохирдол дэлхийн хэмжээнд дээд цэгтээ хүрч хэт их барилгажсан, хүн ам ихээр суурьшсан нийслэл хотод одоо ч гэсэн эрүүл хүнс, ногооны хэрэгцээг хангах шаардлага ихээр тулгарч буй тул энэхүү гайхалтай босоо фермийн төсөл удахгүй хэрэгжиж үр өгөөжөө өгч айл өрх бүр шинэхэн эрүүл хүнсний ногоог өдөр бүр хоол хүнсэндээ хэрэглэж эхэлнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Мэдээллийг бэлтгэсэн: ШУТИС-ийн ахлах багш А.Өэлүн, ШУТИС-ийн 2019 оны төгсөгч, архитектор Б.Отгонболор

Зураг