Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Улсынхаа олборлосон хамгийн сүүлчийн чулуун нүүрсийг Германы ерөнхийлөгч хүлээн авжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Лхагва гарагт Герман улсаас олборлосон хамгийн сүүлчийн чулуун нүүрсийг тус улсын ерөнхийлөгч Франк Уолтер Штайнмэйерт гардуулж өгөх ёслол болжээ.

Энэхүү бэлгэдлийн арга хэмжээ нь Герман улс цаашдаа дахин чулуун нүүрс олборлохгүй болж байгааг зарласан хэрэг байв. Чулуун нүүрс нь хүрэн нүүрснээс илүү их илч ялгаруулдаг. Тиймээс эрчим хүч үйлдвэрлэхийн тулд харьцангуй бага CO2 ялгаруулдаг, байгаль цаг уурт сөрөг нөлөө нь харьцангуй бага гэсэн уг.

Гэхдээ Герман улсад хүрэн нүүрсний нөөц арвин, ил уурхайгаас олборлодог тул зардал багатай байдаг ажээ. Өөрөөр хэлбэл чулуун нүүрс олборлох нь эдийн засгийн хувьд ашиггүй болсон юм.

Ийм шалтгаанаар Герман улс өөрийн газар нутаг дээрх бүх чулуун нүүрсний уурхайг хаах төлөвлөгөөг 2017 онд зарлаж байв.

Герман улс сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээр дэлхийд дээгүүрт ордог ч нүүрснээс хамаарах хамаарал нь хэвээр байгаа. Тус улсын нийт эрчим хүчний гуравны нэгээс илүүг нүүрснээс гаргаж авдаг бол Герман нь Европын Холбооны хамгийн том хүрэн нүүрсний олборлогч улс юм.

Герман улс хүлэмжийн хийн үйлдвэрлэлээ 1990 оноос 2020 оны хооронд 40 хувь бууруулах зорилт тавиад байгаа. Гэхдээ Европын хамгийн том хүлэмжийн хий үйлдвэрлэгчид тооцогдсон хэвээр байгаа юм.

 

Эх сурвалж: CNN