Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Макгрегор, Нурмагомедов нарын сошиал хэрүүлийг UFC холбоо зохицуулна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Хабиб, Конор нарыг салгаж буй Дана Уайт

Ирландын тамирчин Конор Макгрегор, Оросын тамирчин Хабиб Нурмагомедов нарын сошиал сүлжээнд үүсгэсэн хэрүүл тэмцэл нь “хэм хэмжээнээс хэтэрсэн” тул зохицуулах арга хэмжээ авах гэж байгаагаа холимог тулааны UFC холбооны тэргүүн Дана Уайт мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт зодог тайлах тухайгаа гэнэт мэдэгдэж байсан Макгрегор өрсөлдөгч Нурмагомедовын гэргийн зургийг Мягмар гарагт твиттер сүлжээнд нийтлэхдээ түүнийг “нүүр гарын алчуур” гэж нэрлэсэн юм.

 

Тэр дараа нь энэ нийтлэлээ устгасан байна.

Харин маргааш нь Нурмагомедов ирланд тамирчныг нэг бүсгүйтэй тэврэлдэж байгаа зургийг нийтлээд Макгрегорыг “хүчирхийлэгч” гэж нэрлэжээ.

Тэр бас “шүүх чиний буруутайг тогтооно” гэсэн тайлбар бичсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Нью Йорк Таймс сонинд Макгрегорыг төрөлх Ирланддаа хүчингийн хэрэгт шалгагдаж байгаа тухай мэдээлэл нийтлэгдэж байсныг Нурмагомедов ийнхүү сануулсан бололтой.

Дана Уайт өчигдөр сэтгүүлчтэй ярилцахдаа “Саяхан Хабиб Нурмагомедов, Конор Макгрегор нарын хооронд сошиал сүлжээнд өрнөсөн маргааныг би мэдэж байгаа. Тэдний маргаан байж болох хэм хэмжээнээс хэтэрсэн. Тиймээс бид асуудлыг анхааралдаа авч, зохицуулах арга хэмжээ авах болно” гэжээ.

Уайт зодог тайлах тухай Макгрегорын мэдэгдэлд үнэмшихгүй байгаагаа ярьж, түүнийг Флоид Мэйуидертэй холимог тулааны дэвжээнд дахин өрсөлдүүлэх, мөн Нурмагомедовтай дахин тулалдуулах хүсэлтэй байгаагаа хэлсэн байна.

 

Эх сурвалж: Business Insider