Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн "хүчирхэг" паспорттой улсаар Япон, БНСУ тодорч байна

О.Булган, iKon.mn
2019 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Image: Reuters

Аялал нь хүний харах өнцгийг өөрчилж, нүдийг нээж өгдөг хэмээн ярьдаг.

Гэвч аялалд их мөнгө, цаг зав шаардагддаг тул хүссэн хүн бүхэн хүссэн цагтаа аялах нь хүндрэлтэй байдаг. Мөн хэдий хангалттай хөрөнгө мөнгө, цаг зав байсан ч таны гартаа барьж буй паспорт аль улс руу нэвтрэх боломжтой зэргээс хамааран таны аялал хязгаарлагдана гэдгийг санах хэрэгтэй.

Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудын хамтын ажиллагаа, бүс нутгийн хэлэлцээр зэргийн үр дүнд хоорондоо визгүй зорчих орны тоо ихсэж байгаа юм. Түүнчлэн зөвхөн амралт зугаалгаас гадна эрүүл мэнд, боловсролын салбар хөгжсөн орнуудын эрүүл мэнд, боловсролын аялал жуулчлал идэвхтэй хөгжиж байгаа юм.

Тэгвэл дэлхийн улсуудаас хамгийн "хүчирхэг" буюу хамгийн их улс орон руу визгүй зорчдог орнуудыг доорх жагсаалтаас харж болно:

 
Эх сурвалж: Henley Passport Index

Дээрх жагсаалтаас харахад Япон улс 190, Сингапур болон БНСУ дэлхийн нийт 189 улс руу визгүй зорчих эрхтэй бол түүний дараагаар ХБНГУ, Франц улс 188 улс руу визгүй зорчдогоороо эхний байруудад бичигджээ.

Энэхүү жагсаалтад Монгол Улс нийт 61 улс руу визгүй зорчдогоороо 79 дүгээр байрт орж байна.

Харин тус жагсаалтад Афганистан, Ирак улс нийт 30 улс руу визгүй зорчдог гэсэн үзүүлэлтээр сүүл мушгиж байгаа юм.

Манай улсын хувьд 2019 оны нэгдүгээр сарын байдлаар 23 улс руу бүх төрлийн паспорт, 32 улс руу дипломат болон албан паспорттой монгол иргэд визгүй зорчих боломжтой талаар бид мэдээлж байсан.

Харин Украин улс руу визгүй зорчихдоо албан ёсны урилга авах ёстой аж.

 

 

Эх сурвалж: World Economic Forum