Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Boeing 737 Max нисэх онгоцны ослын талаар эхний албан ёсны дүгнэлтийг өнөөдөр танилцуулна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Гуравдугаар сарын 10-ны өдөр Этиопын нийслэлээс хөөрөөд удалгүй унасан Boeing 737 Max нисэх онгоцны ослын шалтгааныг шалгасан мэргэжилтнүүд өнөөдөр анхны дүгнэлтээ танилцуулахаар болжээ.

Энэ ослын үеэр 35 үндэстний төлөөлөл болсон 157 хүн амиа алдсан билээ.

Онгоц Аддис Абаба хотоос хөөрөөд зургаан минутын дараа тодорхойгүй шалтгаанаар унасан юм. Тухайн үед цаг агаарын нөхцөл байдал хэвийн байжээ.

Уг ослын дараа дэлхий даяар Boeing 737 Max загварын нисэх онгоцнуудыг ашиглахаа зогсоосон юм. Таван сар хүрэхгүй хугацаанд уг төрлийн нисэх онгоц хоёр дахь удаагаа осолдсон нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн байна.

Шалгалтын дүгнэлтийг танилцуулах хэвлэлийн хурал Улаанбаатарын цагаар 15:30 цагт эхлэхийг Этиоп улсын зам тээврийн яам мэдээлжээ.

Дараалан гарсан ослуудын гол шалтгааныг MCAS (Maneuvering Characteristics Augmentation System) гэгддэг нислэгийг удирдах програмтай холбоотой гэсэн таамаг дүгнэлт мэргэжилтнүүдийн дунд байгаа.

Уг систем нь нисэх онгоц аэродинамикийн онцгой нөхцөл байдалд ороход автоматаар идэвхжиж жолоодлогод нөлөөлдөг юм. Тодруулбал нисэх онгоцны хөдөлгөөний эсрэг чиглэлтэй агаарын урсгал хүчтэй болох үед энэ систем автоматаар онгоцны хошууг доош чиглүүлж, эрсдлийг бууруулдаг юм байна.

Агаарын урсгалыг хэмжих мэдрэгчээс алдаатай мэдээлэл ирснээс MCAS систем идэвхжиж хэвийн нисэж байсан онгоцыг газар руу чиглүүлсэн байх магадлалтай гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлээр Индонезийн эргийн ойролцоо далайд унасан Lion Air компанийн Boeing 737 Max онгоц ижил төстэй шалтгаанаар осолдсон гэгдэж байна.

 

Эх сурвалж: Reuters