Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Ногдол ашгийг тараавал хүмүүс хэрэглээд л дуусна. Харин төслүүддээ хөрөнгө оруулбал илүү хэрэгтэй"

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2019 онд 2018 оныхоос бага зэрэг буурч, 6.7% байх бол 2020 онд дахин буурч 6.3%-д хүрнэ хэмээн Азийн хөгжлийн төлөв тайланд тусгагдсаныг өнөөдөр АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн танилцуулав. 

2020 оны сонгуулийг угтсан 2019 оны төсөвт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл хөтөлбөр нэмэгдсэнээс үүдэж, дотоод эрэлт нэмэгдэхтэй холбоотойгоор 2018 онд 6.8%-тай байсан инфляц энэ онд 8.5%, ирэх жил 7.5 хувьтай байна хэмээн тооцсон байна.

Одоогийн байдлаар Монгол Улсын нийт гадаад өр ДНБ-ий 86.2 хувьд хүрсэн, 2018 оны эцэс гэхэд төгрөгийн ханш 8.9 хувиар суларсан, 2019 оны төсвийн алдагдал ДНБ-ий 1.4 хувьтай тэнцэж байгаа зэргийг дурдаж болно.  

Ерөнхийдөө 2018 оны эдийн засгийн өсөлтийн гол хүчин зүйл нь боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын өсөлт болон уул уурхайн салбар дахь их хэмжээний хөрөнгө оруулалт байсныг онцлов. 

Харин 2019, 2020 онд эдийн засгийн өсөлт яльгүй саарах ч тогтвортой байна хэмээн Азийн хөгжлийн банк үзжээ. 

Зураг. "Азийн хөгжлийн төлөв" тайланд тусгагдсан Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтүүд

Төсөв ашигтай гарсан ч амьдрал дээр ашиггүй байна

 
Гэрэл зургийг MPA.mn

Гэхдээ Монгол Улсад дараах хэд хэдэн эрсдэл байгааг тусгайлсан илтгэлдээ АХБ-ны ахлах эдийн засагч Деклан Магий дурдав. 

Үүнд:

  • Монгол Улсын эдийн засаг гадаад шокт өртөмтгий хэвээр байна. Тодруулбал, гадаад зах зээл дээрх түүхий эдийн үнийн савалгаа, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашрал шууд нөлөөлөхөөр байна. 
  • Хэдийгээр байнга алдагдалтай явж ирсэн төсөв сүүлийн таван жилд анх удаа ашигтай гарсан нь эерэг үзүүлэлт боловч практикт буюу амьдрал дээр энэ өсөлт амжилтгүй, хэрэгжилт сул байгааг АХБ онцоллоо. 
  • Төсвийн орлого хэдийгээр нэмэгдэж байгаа ч зардал зэрэг дагаад зэрэг нэмэгдээд байгаа нь эрсдэл дагуулж байна. 
  • Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Ирээдүйн өв сангийн тухай хууль байгаа ч санхүүгийн удирдлагаа төрийн түвшинд сайжруулах зайлшгүй шаардпага байна. 
  • Татварыг түүхий эдийн үнийн савалгаанаас ялгах шаардлагатай. 
  • Төсвийн хөрөнгө оруулалт, худалдан авалтыг үр өгөөжтэй салбарт оруулж, үр ашигтай болгох хэрэгтэй гэв. 

“Засгийн газар баталсан хууль тогтоомжуудаа дагаж бодлогоо хэрэгжүүлэх нь чухал”

 
Гэрэл зургийг MPA.mn

Ийнхүү мэдээлэл өгсний дараа АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен болон ахлах эдийн засагч Деклан Магий нар сэтгүүлчдийн асуултад хариулсныг товчлон хүргэж байна. 

-Засгийн газар нэлээд хэмжээний өр 2020 оноос төлөх хүлээлттэй байгаа. Өрийн менежмент дээр АХБ ямар зөвлөгөө өгөх вэ?

-Өрийн менежментийн хувьд төсөв талдаа ахиц гарсан. Олон жил алдагдалтай явж ирсэн төсөв анх удаа ашигтай гарсан. Тиймээс эдийн засгийн өсөлттэй, төсөв ашигтай энэ үед Засгийн газар хуримтлал үүсгэж, өрөө төлөхөд бэлтгэнэ гэж харж байгаа. Гол нь төсвийн зардлыг бууруулах хэрэгтэй. 

-Сүүлийн үед гарц буй улс төрийн зарим шийдвэр, мэдэгдэл хөрөнгө оруулагчдыг үргээх эрсдэл байна. Энэ тал дээр АХБ ямар байр суурьтай байна вэ?

-Улс төрийн тогтворгүй байдал зөвхөн Монгол Улсад биш, бусад улс оронд ч байдаг үзэгдэл. Энэ нь эдийн засагт ямар ч байдлаар нөлөөлж болно. Хамгийн гол нь Засгийн газар баталсан хууль тогтоомжуудаа дагаж бодлогоо хэрэгжүүлэх нь чухал. 

-Банкны салбарт эрсдэл байна гэж тайланд дурдсан байна. Яг ямар эрсдэл байна вэ?

-Банкны салбарт ахиц нэлээд гарсан. Сүүлийн үед зээлийн хүртээмж сайжирсан хэдий ч чанаргүй зээлийн харьцаа буурахгүй байгаа нь эрсдэл дагуулж байгаа юм. Тиймээс дахин хөрөнгөжүүлэх шаардлагатай. 

-Азийн хөгжлийн банк Монголбанктай хамтран активын чанарын үнэлгээ үнэлгээ хийсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-АХБ Засгийн газартай хамтран Активын менежментийн компани байгуулахаар ярьж байсан. Гэхдээ активын чанарын үнэлгээ төсөөлснөөс харьцангуй гайгүй гарсан тул одоогоор шаардлагагүй гэж үзсэн. Банкны салбарт шинэчлэл хийх, дахин хөрөнгөжүүлэх шаардлагатай.  

-”Эрдэнэс Тавантолгой” компани IPO хийх хүлээлт өндөр байгаа. Энэ онд нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг тараах шийдвэр гаргасан. Энэ нь инфляцад нөлөөлөх үү?

-Уул уурхайн салбарын IPO аль болох амжилттай болоосой гэж хүсэж байна. Амжилттай IPO хийхийн тулд тухайн компанийн засаглал маш чухал

Ногдол ашгийн хувьд хэрэглээ талдаа мэдээж нөлөөлнө. Ногдол ашгийг тараавал хүмүүс хэрэглээд л дуусна. Харин бэлэн төвлөрчихсөн тэр мөнгөөр төслүүддээ хөрөнгө оруулбал илүү хэрэгтэй.

-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг зогсоох талаар улстөрчид ярьж байна. Хэрэв энэ төсөл зогсвол Монгол Улсын эдийн засагт ямар эрсдэл тулгарах вэ?

-Оюутолгойн гүний уурхай 2021 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ гэж ойлгож байгаа. Хэрэв бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл татварын маш том эх үүсвэр болно. Харин далд уурхайн бүтээн байгуулалт зогсвол ирээдүйд орж ирэх татварын орлого үгүй болно гэсэн үг. 

-АХБ энэ жил хэдий хэмжээний хөрөнгө оруулах вэ?

-АХБ Монгол Улсад үйл ажиллагаа явуулах болсноос хойш нийт 2.0 тэрбум ам.долларын зээл буцалтгүй тусламж олгосон. 2017 онд АХБ 2021 он хүртэл Монгол Улсад хөрөнгө оруулах бодлогоо баталсан бөгөөд энэ хугацаанд өмнө байгаагүй өндөр дүнтэй хөрөнгө оруулахаар төлөвлөсөн. Тодруулбал, 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөсөн ч бодит байдал дээр энэ дүн нэмэгдэхээр байгаа.