Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Малайзын ерөнхий сайд асны шүүх хурал эхэллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Малайзын ерөнхий сайд асан Нажиб Разакын авлигын хэргийг шүүх удаан хугацаанд хүлээгдсэн хурал өнөөдөр эхэлж байна.

Түүнийг Малайзын хөгжлийн сан 1MDB-гээс 42 сая ринггит ($10.3 сая) хувийн дансандаа шилжүүлж авсан гэж сэжиглэж байгаа. Үүнээс гадна итгэл эвдсэн хэрэгт гурав, албан тушаалаа урвуулж ашигласан хэрэгт нэг, мөнгө угаасан хэрэгт гурван ял төлөвлөөд байгаа юм.

Хэрвээ эдгээр ялуудыг шүүх хэвээр баталбал Разак 20 жил хүртэл шоронд хоригдох шийтгэл хүлээх ажээ.

Сонирхолтой нь өнөөдөр Нажиб Разакын анх удаа ерөнхий сайдын албан тушаалд томилогдсоны 10 жилийн ой давхцаж байна.

Дээр тулгасан хэргүүдийг тэр 2011 оны дөрөвдүгээр сараас 2015 оны гуравдугаар сарын хооронд буюу ерөнхий сайдаар ажиллаж байхдаа үйлджээ.

Өнгөрсөн онд болсон сонгуулиар Разакын Барисан Насионал нам колоничлолоос хойшх 61 жилийн түүхэнд анх удаа ялагдаж, сөрөг хүчний эвсэл засгийн эрхийг авсан юм.

Сонгуулийн дараахан Разак болон түүний гэргий Росмах Мансор нарыг Малайзаас гарч явахыг хориглосон байна. Дараа нь экс ерөнхий сайдын гэрт нэгжлэг хийх үеэр $273 саяын үнэ бүхий эд зүйлсийг цагдаа нар хураасан юм.

Үүнд 250 гаруй хайрцаг бүхий үнэтэй брэндийн цүнх, үнэт эдлэл, бугуйн цаг зэрэг эд хөрөнгө Разакын өмчийн орон сууцнуудад хадгалагдаж байсан гэдэг.

Эдгээр эд зүйлс нь түүний гэргий Росмах Мансорын өмч болохыг тогтоожээ. Тэрээр Саравак мужийн хөдөө орон нутгийн сургуулиудыг цахилгаан, эрчим хүчээр хангах төслөөс ийм хэмжээний авлига авсан гэж сэжиглэж байгаа.

Разакын засаглалын жилүүдэд 1MDB сангаас нийтдээ $4.5 тэрбумын хөрөнгө хулгайлагдсаны зарим хэсэг нь урлагийн бүтээл, тансаг завь худалдаж авах, Холливүүдийн киног санхүүжүүлэхэд зарцуулагдсан нь батлагдаад байна.

1MDB сангийн хөрөнгийг үрэхэд гол үүрэг гүйцэтгэсэн санхүүч Лоу Тэк Жо гэгч одоогоор Малайзаас дүрвээд байгаа юм.

Нажиб Разакын зөвлөх байсан тэрээр Малайз болон Ойрх Дорнодын язгууртнуудын хооронд зуучлагч болон ажиллаж байжээ. Лоу Тэк Жо одоо гадаадын нэр хүнд бүхий хуулийн болон пиарын компаниудыг өндөр үнээр хөлсөлж, өөрийн нэр хүндийг цэвэрлэхээр ажиллаж байгаа.

 

Эх сурвалж: AFP