Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Намуудын нийгмийн өмнө хүлээх хариуцлага нэгдүгээрт, нийтийн мөнгөнөөс санхүүжих эрх хоёрдугаарт байх шаардлагатай

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Азийн Сангийн дэмжлэгтэйгээр "Шилэн нам" авлигын эсрэг түншлэлээс хараат бус судлаачдын багтай хамтран "Улс төрийн санхүүжилтийн ил тод байдал ба авлигын эрсдэлийн үнэлгээ" сэдэвт судалгааг өнгөрсөн оны 10-12 дугаар сарын хооронд гүйцэтгэсэн ба энэхүү судалгааны үр дүнг өнөөдөр дахин танилцууллаа.

Дэлхий дахинд улс төрийн санхүүжилт гэдэгт улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтийг хамруулан ойлгодог.

Тийм ч учраас удахгүй болох гэж буй УИХ-ын хаврын чуулганаар Улс төрийн намын болон Сонгуулийн тухай хуулийн төсөл хэлэлцэгдэх гэж байгаатай холбогдуулан иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдийг улс төрийн санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой мэдээллээр хангахад энэхүү судалгааны ажлын гол зорилго гэдгийг судлаачид онцолж байв.

Энэхүү судалгаагаар улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтэд төсвийн дэмжлэгийн эрх зүйн орчин, УИХ-д суудалтай төсвөөс дэмжлэг авдаг МАН, АН, МАХН-ын санхүүжилтийн ил тод байдлын шинжилгээ, сонгуулийн санхүүжилтийн ил тод байдлын шинжилгээ, үнэлгээ, төрийн хяналтын байгууллагуудын хараат бус байдал, улс төрийн намуудын авлигын эрсдэлийн үнэлгээний аргачлалыг боловсруулж, анхан шатны үнэлгээ хийх замаар гүйцэтгэжээ.

Тус судалгаанд улс төр, нийгэм, эдийн засаг, баялгийн менежмент болон авилга гэх мэт олон салбарын судлаачид хамтран оролцож, гүйцэтгэснээрээ онцлогтой юм. Түүнчлэн судалгааны үр дүнг гаргахдаа тоон болон статистик судалгааны арга бус намын удирдлага, гишүүд, төрийн холбогдох байгууллагын эрх үүрэг, холбогдох эрх зүйн орчин болон зарим кейст анализ хийн гаргаж авснаараа бусад судалгаануудаас ялгаатай аж.

 

Судалгааны багийн ахлагч, Улс төрийн ухааны Доктор Э.Гэрэлт-Од "Нийслэл, орон нутгийн намын гишүүдийн ярилцлагын хүрээнд мэдээлэл цуглуулахад улс төрийн намууд үндсэндээ санхүүгийн хувьд хаалттай болсон байна. Хэн хэдэн төгрөг өгсөн, яаж зарцуулж байгааг хэн ч мэдэхгүй байна. Нам дотроо мэдээлэл олгодог тогтолцоо алга.

Бидний хийсэн энэхүү судалгаагаар намын гишүүд санхүүжилтийн тайлангаа тэр бүр нэхэж шаардаад байдаггүй. Намын бүх шатанд санхүүгийн ил тод байдлыг хангах тайлан, мэдээлэл түгээх тогтолцоо болон түүнийг хариуцах албан тушаалтан байдаггүй нь тогтоогдсон.

Мөн намын санхүүжилт далд байгаагийн гол шалтгаан нь нам далд хандиваар санхүүждэг ба гишүүдээсээ хангалттай хэмжээний татвар цуглуулж чаддаггүй явдал юм. Улс төрийн намын тухай хуульд "Нам санхүүгийн үйл ажиллагаандаа жил бүр аудит хийлгэн баталгаажуулж олон нийтэд мэдээлнэ" гэсэн заалт байдаг ч хэрэгждэггүйгээс болж намын санхүүжилт бүхэлдээ хаалттай байна" хэмээлээ

Түүнчлэн судлаачид өнөөгийн Монгол Улсын төрийн тогтолцооны үед аль ч нам төрийн эрхэнд гарсан тохиолдолд авлигад автах эрсдэл өндөр байгааг тус судалгаа давхар нотлон харуулсныг онцлоод байсан юм.

Дэлхийн улс орнуудад улс төрийн намыг төсвөөс санхүүжүүлэх замаар санхүүжилтийн хараат бус байдлыг хангахын зэрэгцээ хяналт, хариуцлагыг чангалдаг туршлагатай.

Тийм ч учраас цаашид намуудад үзүүлэх төсвийн дэмжлэгийг нэмэгдүүлэн хуульчлахдаа "Нийгмийн өмнө хүлээх хариуцлага нэгдүгээрт, нийтийн мөнгөнөөс санхүүжих эрх хоёрдугаарт" байх зарчмыг баримтлахгүй бол төсвөөс угжуулсан хаалттай, хяналтгүй, хүнд сурталтай, хэдхэн хүний эрх мэдлийг төвлөрүүлсэн намыг өөгшүүлэх эрсдэлтэйг судалгааны үр дүн харуулж байна.