Уг үзэсгэлэн 11:00-19:00 цагийн хооронд Бела Виста хотхоны "Q Art Gallery"-д нээгдэх юм. "Орчлон" сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Чулуунбатын Хулан өөрийн бүтээлээ олонд хүргэхээр шийдсэн нь энэ аж.
Тэрбээр үзэсгэлэнгийнхээ талаар “Энэхүү бие даасан үзэсгэлэн маань ирээдүйн мэргэжил, мөрөөдлийнхөө чиг хандлагыг тодорхойлох том алхам болно. Мөн оршин буй нийгэмдээ өөрийн хэмжээнд хувь нэмрээ оруулж, чадах, мэдэх бүхнээ дайчлан улс орноо хөгжүүлэхийн төлөө чармайж буй хэлбэр минь юм” хэмээн ярилаа.
Үзэсгэлэнгээ нэрлэсэн 0222 гэсэн цифрүүд нь түүний хувьд маш онцгой. Эдгээр тоонууд төрсөн он сарыг нь илтгэхээс гадна, бүх л амьдралынх нь хувьд түүнтэй хамт оршихоор сонгогдсон тэмдэгтүүд хэмээн уран бүтээлч тайлбарласан юм.
Мөн үзэсгэлэнд дэлгэн харуулах бүтээлүүдийг нь ч эдгээр тоо тодорхойлж буй учир үзэсгэлэнгээ ийнхүү нэрлэжээ.