2019/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,683.19₮
B30
УЛААНБААТАР
|
-2°
B30
УЛААНБААТАР
-2°
|
-8°
B30
УЛААНБААТАР
|
-11°
17:00
S20
-1°
18:00
S20
-2°
19:00
S26
-4°
20:00
S26
-5°
21:00
S26
-5°
22:00
S29
-5°
23:00
S29
-6°
00:00
S29
-6°
01:00
S29
-6°
02:00
S29
-6°
03:00
S29
-7°
04:00
S29
-7°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/03 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Цэрэндолгор: Олон сая төгрөг зарцуулдаг ч надад үлдэж байгаа нь медаль л байна

Б.Мөнхзул, Үндэсний шуудан
2019 оны 4 сарын 3
Үндэсний шуудан
 

Польшийн Торун хотноо зохион байгуулагдсан мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 80 насны босгыг хэдийнээ давсан хоёр буурал монголчуудыг огшоож чадлаа. 85 настай Ц.Раднаа мастер гүйлтийн төрлөөр хоёр алт нэг мөнгө, уртын харайлтаар нэг алтан медаль хүртэж, Монголын төрийн дууллыг гурвантаа эгшиглүүлсэн. Харин 81 настай Т.Цэрэндолгор мастер түлхэлтийн төрлөөр нэг алт, дөрвөн мөнгөн медалиар энгэрээ мялаажээ. Тэрбээр мастеруудын тэмцээнд оролцох хугацаандаа Азийн дээд амжилтыг 10, улсын дээд амжилтыг 18 удаа шинэчилсэн “хүчит буурай” юм. ДАШТ-д цойлж, монгол хүний ур чадварыг гайхуулсан Т.Цэрэндолгор гуай өнөөдрийг хүртэл дэлхийн аваргад есөн удаа төрийн дууллаа эгшиглүүлснээс гадна 10 мөнгө, долоон хүрэл медаль хүртжээ. Тэгвэл түүний Азийн аваргаас авсан медалийн тоо хэдийнээ 30 гарсан байна. Тодруулбал, 11 алт, 17 мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэнээс гадна олон улсын тэмцээнээс 18 алт, таван мөнгөн медалиар энгэрээ чимжээ. Тэрбээр өнгөрсөн жил Тайландад болсон олон улсын тэмцээнээс гурван алтан медаль авахдаа Азийн гурван дээд амжилтыг шинэчилсэн юм. Тэгэхдээ жад, зээрэнцэг шидэлтийн амжилтыг 22, бөөрөнцөг түлхэлтийнхийг зургаан жилийн дараа ахиулсан билээ. Ингээд түүнтэй хэсэгхэн хугацаанд ярилцлаа.

-Тантай нэлээд хэдэн жилийн өмнө уулзаж байсан. Тэр цагаас хойш таны амжилт улам л ахиж, та ч гялалзсаар л байна. Баяр хүргэе, танд?

-Маш баярлалаа. Өдийг хүртэл намайг дэмжиж ирсэн бүх хүнд баярлалаа. Ямар ч байсан тэднийхээ итгэлийг алдахгүйг хичээсэн. Санасан амжилтаа гаргаж чадаагүй ч боломжийн хэмжээнд өрсөлдлөө.

-Хөнгөн атлетикаар хичээллэж эхэлсэн мөчөө эргээд дурсвал?

-18 настай охин анх энэ спортод хөл тавьж, 1966 онд спортын мастер цолны болзол хангаж байлаа. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл энэ спортод зүтгэжээ. Хэсэг хугацаанд ажил амьдрал, сургууль соёл гэж явсаар спортоосоо бага зэрэг хөндийрсөн юм. Харин 2002 оноос хойш мастеруудын тэмцээнд оролцож, тасралтгүй 17 жил спортоор хичээллэж байна даа.

-Хоёр жилийн өмнө зургаан медальтай ирж байжээ. Харин энэ удаа таван медальтай ирлээ. Энэ хоёрын хооронд ямар ялгаа байна вэ?

-Миний үндсэн хичээллэдэг төрөл бол бөөрөнцөг, зээрэнцэг. Ер нь тэмцээн уралдаанд оролцоод, туршлага хуримтлуулаад ирэхээр өөр олон төрлөөр хичээллэмээр санагдаад жад, дүүгээр оролдож эхэлсэн. Бүгдээрээ л болмоор юм байна. Хүн хичээллээд, зүтгээд байвал болдог юм. Хоёр жилийн өмнө би 79 настай байлаа. Харин одоо 80-аас дээш настнуудтай өрсөлдлөө. Би таван төрөлд оролцсон. Нэг төрөлд нь л гэхэд 5-6 тамирчин оролцож байна. Ялгаа гэвэл энэ л байна. Түүнээс биш надтай өрсөлдөж байсан хүмүүс хэвээрээ л байсан даа.

-Бэлтгэлээ хаана, яаж хийв?

-Манайд чинь бэлтгэл хийх зориулалтын талбай байхгүй. Тиймээс машиныхаа багаажинд бөөрөнцөг, зээрэнцэг, жад зэргээ хийгээд бэлтгэл хийх газар хайна. Үндсэндээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, эсвэл Туул голын эрэг дээр очиж бэлтгэл хийдэг хэвээрээ л байгаа. Хааяа Монголын үндэсний олимпын хорооны зүүн талын овгор шороотой хэсэг байдаг. Тэнд бэлтгэл хийж байгаа техник хэрэгслээ булаад орхичихдог юм. Гайгүй бол аваад явчихна.

Техник хэрэгсэл маань машины арын багаажнаас сална гэж үгүй. 40, 50 кг хүнд ачааг би байн байн буулгаж зөөж чадахгүй шүү дээ. Тийм болохоор үргэлж авч явдаг. Бэлтгэлээ хийхгүй болохоор булчингийн үйл ажиллагаа алдагдаад хэцүү юм билээ. Бэлтгэлээ хийгээд байхаар эрүүл мэндэд тустай. Одоо мастеруудын холбоо байгуулагдаад, олон ахмадыг тэмцээн уралдаанд оролцуулж байна. Тэмцээнд ордоггүй юм гэхэд ядаж л эрүүл мэндэд тустай шүү дээ.

-Олимп, дэлхийн аваргад медаль хүртсэн тамирчдыг төр засаг хүлээн авч шагнал гардуулдаг. Харин та бүхнийг хүлээн авч байсан уу?

-Манай Ч.Наранбаатар дарга л бидэндээ санаа тавина. Харин одоо Ц.Шаравжамц дарга овоо хүлээж авч, ядаж л урмын үг хэлээд байх юм. Түүнээс биш тоохгүй шүү дээ, биднийг. Мастеруудын тэмцээнд амжилт гаргаад ирж байгааг хэн ч мэдэхгүй. Онгоцны буудал дээр буугаад л гэрийн зүг шууд явна. Хүүхдүүд л тосож баяр хүргэж байгаа юм.

Гэтэл одооноос тавих анхаарал нь арай дээрдэж байна. Үүнд ахмад тамирчны хувьд үнэхээр их талархаж явна. Ингэж ярьж болдог юм уу, үгүй юү бүү мэд. Гэхдээ би мастеруудын ангилалд 90 гаруй медаль хүртэхдээ улсаас нэг төгрөг ч авч үзээгүй. Замын зардалдаа хэрэглээрэй гэж хэн ч тусалж байсангүй. Амжилт гаргаад ирсэн хойно сайн яваад ирэв үү, баяр хүргэе гэж урам өгсөнгүй.

Ч.Наранбаатар дарга маань л бидэнтэй ойр байж, биднийгээ дэмжсээр ирлээ. Нэг зүйлийг зориуд хэлье. Энэ жилийн хувьд Ц.Раднаа бид хоёр хүмүүсийн хараанд их өртсөн бололтой. Үнэнийг хэлэхэд нисэх онгоцны буудал дээр тийм олон хүн ирнэ гэж бодоогүй. Гэтэл маш их хүн ирсэн байхыг хараад баярлах, гайхах зэрэгцсэн. Өмнө нь хөдөлж байгаагүйгээрээ сэтгэл хөдөлсөн.

-Нэг тэмцээнд оролцохоор явахад хэдий хэр зардал гарах бол?

-Янз бүр. Дунджаар бодоод үзэхэд дөрвөн сая гаруй төгрөг зарцуулж байгаа юм шиг байна. Ингэж их мөнгө зарцуулсны үр дүн болон надад үлдэж байгаа зүйл нь энэ хэдэн медаль л байх шив дээ. Мөнгөө ийм медаль болгоод л ирдэг юм. Гэртээ зүгээр л сууж байхгүй, мөнгө үрээд гэж хэлдэг хүн байдаг л юм. Гэхдээ би хэр удав л гэж дээ. Үхдэг нь хорвоогийн жам юм чинь. Нэг л өдөр яваад өгнө. Тэр болтлоо дуртай зүйлдээ сэтгэл зүрхээ зориулаад явж байя гэж боддог.

-Та хөнгөн атлетикийн бөөрөнцөг, зээрэнцэг, жад, дүүгүүр шидэлт гээд л шидэлтийн бүх төрлөөр хичээллэж медаль авдаг. Гэтэл бэлтгэл сургуулилт хийх талбайгүй. Бас энэ төрлөөр хичээллэдэг залуус бараг алга. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Махашир гээд одоо 40 гаруй насны залуу бий. Тэр бол ёстой мундаг. Энэ төрөлд Монголын номер нэг тамирчин. Даанч нас нь явчихсан болохоор олимпод орно гэдэг худлаа болчихож. Түүнээс биш манай Махашир 60 метр гаргаж шиддэг юм даа. Энэ нь олимпын норматив байхгүй юу. Хэрвээ залуу байсан бол олимпоос зоолттой нэг медаль чирээд л ирэх хүн. Тэр мастеруудын наадамд бол олон дээд амжилтын эзэн болно гэдэгт итгэлтэй явдаг. Мань мэт шиг спортоор хожуу хичээллэсэн хүний сэтгэлийг мастеруудын наадам дэвтээдэг.

-Тэгвэл таны мөрөөдөл?

-Хамгийн том мөрөөдөл бөгөөд зорилго нь залуу тамирчдадаа зориулж нэг сайхан бөөрөнцөг, зээрэнцэг шидэлтийн стандарт талбай байгуулж өгөх. Үхэхээсээ өмнө ийм нэг талбайтай болгохыг чин сэтгэлдээ тээж явдаг. Хотын хаа нэгтээ зориулалтын талбайтай болчихвол манайд энэ спортоор хичээллэж амжилт гаргах залуус мөн ч олон байна. Даанч бэлтгэл хийх орчин нөхцөл нь бүрдээгүй байхад хэн дурлаж хичээллэх вэ дээ.

x