Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп эцгийнхээ төрсөн газрыг худлаа хэлж гайхшруулав

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр NATO-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэргийг Цагаан ордонд хүлээн авч уулзсан юм.

Энэ үеэр тэр өөрийгөө Европ тивтэй ойр хэлхээ холбоотой хүн болохыг илэрхийлэхдээ өөрийн эцэг Фрэд Трампын төрсөн газрыг Герман улс гэж хэлсэн байна.

Түүхийн бичиг баримтад дурдсанаар Трампын эцэг уг нь Нью Йорк хотод мэндэлсэн хүн юм.

Дональд Трамп “Миний эцэг Герман хүн байсан. Тэр Германы гайхамшигтай сайхан газар нутагт төрсөн хүн юм” гэж ярьжээ.

Тэр анх удаа ингэж будилж байгаа нь энэ биш. 2018 оны долдугаар сард хэвлэлд ярихдаа Трамп “Миний эцэг эх Европын Холбооны газар нутагт төрсөн хүмүүс. Би Герман, Шотланд улсуудад хайртай. Эд нар Европын Холбоонд хэвээр байгаа биз дээ?” хэмээн ярьж байв.

Дональд Трампын эх Мэри Маклеод Шотландад төрсөн нь үнэн. Өвөг эцэг Фридрих Трамп нь Германы Калштадт тосгонд мэндэлсэн хүн байдаг.

Тэрээр залуудаа цэргийн албанаас зугтаж АНУ-д хэсэг амьдарч байгаад буцаж эх орондоо ирэхэд нь хүлээж авалгүй Германаас буцааж байжээ.

Трампын удмынхан Америкт суурьшсан нь ийм шалтгаантай гэдэг.

Столтенбэрг өнөөдөр АНУ-ын конгрессийн нэгдсэн чуулганд үг хэлэх юм. Дональд Трамп NATO-гийн гишүүн орнуудын батлан хамгаалах үйлсэд зарцуулж буй мөнгөний хэмжээ харилцан адилгүй байгааг байнга шүүмжилдэг. Энэ хандлага нь Умард Атлантын эвслийн эв нэгдлийг сулруулж байна гэж ажиглагчид Трампыг хариу шүүмжилдэг юм.

Харин энэ оны эхээр Столтенбэрг мэдэгдэхдээ Трампын шахалт шаардлагын ачаар Америкаас бусад гишүүн орнуудын төлдөг мөнгөний хэмжээ нэмэгдсэн тухай ярьж байв.

Энэ оны сүүлээр NATO-гийн дансанд нэмэлт $100 тэрбумын хөрөнгө гишүүн орнуудаас бүрдэхээр байгааг тэр хэлж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider